Зэвсэгт хүчний "Соёмбо" сонины "Захидал бичээрэй" буланд маань офицер, ахлагч, ажилтан алба хаагчдаас эхлээд байлдагч нар аав ээждээ, анд найз нөхөддөө, он жавууддаа, удирдлагадаа талархлын захидал ирүүлсээр байдаг юм. Тэдний нэг төлөөлөл болгож Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хоёр байлдагчийн ирүүлсэн захидлыг танд хүргэж байна.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Соёл хүмүүжлийн албатай хамтран тус ангийн байлдагчдын дунд “Захидал бичээрэй” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд дараах 2 захидлыг байлдагчдынхаа ар гэр, цэргийн алба хаах сонирхолтой залуус, бусад ангид алба хааж буй цэргүүддээ зориулан утга найруулгын ямар нэгэн өөрчлөлтгүй нийтэлж байна. Эрхэм Та бүхэн ч бас манайд захидал бичээрэй.
ХАЙРТ ЭЭЖДЭЭ
Амар сайн байна уу, ээжээ. Таньд энэхүү захиа хүрэх өдрийн мэндийг дэвшүүлье. Гэрийнхэн бүгд сайн биз дээ. Хөөрхөн дүүгээ их санаж байна. Энэ жил сургуулиа төгсөх учраас хичээл номондоо сайн шамдаад, аав, ээждээ туслаад байж байгаа гэдэгт ах нь эргэлзэхгүй байна. Миний дүү чадна аа.
Хүү нь Монгол орныхоо өмнөд хязгаар болсон Өмнөговь аймгийн 167 дугаар ангид албаа хаагаад 7 сарыг ардаа гээжээ. Тийм ч ухаалаг байгаагүй хүү нь цэргийн алба хаах сонголт хийсэн нь үлдсэн амьдралдаа хийсэн томоохон хөрөнгө оруулалт болсон гэдгийг ойлгосон. Хэдийгээр би олон сургууль дамжиж, олон зүйлийг мэдэж сурсан гэж өөрийгөө боддог байсан ч цэргийн албанд ирээд магадгүй амьдралын талаар тийм ч ихийг мэддэггүйгээ, ирээдүйн өрх гэр толгойлох, айлын эцэг болох ямар ч бэлтгэлгүй байснаа ухаарлаа. Ээжээ, хүү нь бие бялдар болон зан төлөвшлийн хувьд өөрчлөгдөж байна. Хүнээс үг сонсож, үйл хөдлөлөө хянаж сурч байна. Сонирхуулахад энд бүх зүйл өндөр ёс суртахуун, дэг журам, сахилгын дор явагддаг. Бид өглөө эртлэн босоод гүйлт, гимнастикаа болон шинжлэх ухааны үндэслэлтэй бие организмыг төгөлдөржүүлэх дасгалуудыг хийдэг. Үүнээс хойш бүх зүйл цагийн хуваарьтай. Энэ нь надад цагийг баримтлах, магадгүй цаг хугацааг дэмий үрэхгүй байхад тусалдаг. Танк гэдэг зүйлийг урьд өмнө нь байлдаантай кинон дээрээс л харж байсан хүү чинь одоо өөрөө танкчин болчихоод дотроос нь гадаад орчинг тольдон явдаг болсон гээд боддоо. Үнэхээр бахархмаар, бусдад гайхуулмаар хэрэг шүү. Мөн эндээс кинон дээрээс л харж байсан, Монгол орны тусгаар тогтнолын тэмцлийн хөшүүрэг болсон олон зүйлийг харж болно.
Би өглөө бүр гүйж явахдаа байгалийн үзэсгэлэнг бишрэн хардаг. Ямар сайхан оронд төрснөө өөрийн эрхгүй мэдэрдэг. Нээрээ ээжээ, энд нар ямар сайхан жаргадаг гээч. Таньдаа харуулахыг хүсдэг. Ийм сайхан орныхоо төлөө зүтгэж яваагаа санахаар хүнд хэцүү зовлонгоо мартдаг. Удахгүй баяртай уулзъя.
Улаанбаатар хотод суугаа ээждээ.
Хүндэтгэсэн: Хүү Очиржанцанаас нь
Сайн байцгаана уу?
Газрын хол усны уртад суугаа ээж аав, элгэн садан, эрдмийн их өргөөнд мөр зэрэгцэж явсан 10 жил, оюутан цагийн найзууд, энхрий амраг та бүхэн минь бүгдээрээ сайн сууж байна уу?
Хүү нь, дүү нь, найз нь, амраг нь эр цэргийн албанд эсэн мэнд явна аа.
2016.10.21-ний нар ээсэн намрын нэгэн өглөө Үндэсний түүхийн музей үзэн “Интерном” орон шинэ ном сонирхонгоо Австрали найздаа өөрийн гаргасан номоо зарж явсан би цэргийн албанд ирнэ гэж зүүдэлсэнгүй ч явж.
...Нээрэн үеэл дүү О.Жавхлан цэрэгт явна гэж байсан юу болсон юм бол оо асуугаадхая байз хэмээн гэрт нь орсон би гэнэтийн шийдвэр гаргаж хамтдаа явахаар болж тэр орой эмээдээ үнсүүлээд ээж аавдаа ч хэлэлгүй маргааш нь цэргийн зарлангүй ч сайн дураар явна гэсээр комиссоор орсон түүхтэй.
Одоо Өмнөговь аймгийн Даланзадгад хотын мотобуудлагын тусгай хороо Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Пушекийн нэгдүгээр салаанд албаа хааж байна.
Өмнөговь үзээгүй миний хувьд эндхийн юм бүхэн сонин содон. Анх Гурван Сайхан уулыг хараад хөөх говьд бас хангай шиг ийм том уул байдаг аа хэмээн дуу алдаж байсан минь саяхан. Хүн зоны аж амьдрал, цаг улирлын тааламжит дулаан байдал гээд одоо ч говьтой танилцах аялал маань үргэлжилсээр ...
Нэгэн түүх дурдахад манай удамд цэргийн алба хаасан эрчүүд байхгүйтэй адил тун цөөхөн. Ээжийн ах С.Цэдэвсүрэн, миний аав А.Болдхуяг нар нь 1984-1987 оны 3 жилийн цэрэг. Түүхэн уламжлалаа үргэлжлүүлээд ааваасаа хойш 32 жилийн дараа хугацаат цэргийн албанд мордсон маань энэ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрчүүд бид цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Мөн Монгол Улс нь өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна. Гэнэт хууль яриад явсны учир гэвэл үүнийг бичин суух миний бие өөрийгөө танилцуулахад Монгол Улсын Их сургуульд бакалаврт 5 жил, магистрт 2 дахь жилдээ, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн англи хэлний орчуулагчийн оройн ангид 2 дахь жилдээ тус тус суралцаж байгаад ирсэн. Хэдий магистрын ажлаа хараахан хамгаалж амжаагүй ч хамт олонтойгоо оройн ангиа төгсч чадаагүй ч гэлээ нийтдээ 7 жил суралцаж байгаад ирсэн намайг цэргийн алба хаах нас, цаг хугацаа хүлээхгүй байсан нь лавтай. Удахгүй 25-ны жил орлоо, дээр нь цэргийн 1 жил нэмэгдээд нас 26-тай халагдлаа хэмээн инээд наргиан болгон он жавууддаа хуучлан сууна.
Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг шиг уншигч та намайг юунд ирсэн юм бэ? хэмээн гайхсан хэвээр байж магад. Магадгүй дээд сургууль төгссөн залуус төрийн албанд орох гээд төгсөөгүй нэг нь ч гэсэн ажил төрөл олдох нь илүү гээд зарим нь аав ээжийн хүсэлтээр албан шахалтаар, сайн дураар ирсэн гээд шалтгаан нөхцөл өөр өөр. Би бодохдоо энэ олон шалтгаанаар эдгээр олон залуус ирсэн нь ондоо боловч ногоотой шөлийг нь уугаад ногоон хувцсыг нь өмссөний дараа бидэнд 1 зорилго үлдэнэ. Энэ бол “Эх орноо хамгаалах, эр цэргийн албанд хоёргүй сэтгэлээр суралцах”.
Бидний дотор Монгол хэмээх зүрх цохилж наран мандахаас саран гийх амьдрал нэгэн адил хэмнэлээр үргэлжилнэ. Цэргийн албаны сайн сайхан бүхний нь магтаад баршгүй.
Энэ албанаас бид нэг нь нөгөөгийнхөө төлөө гэх хамт олонч үзэл сууж, өглөө эртлэн босоод цагийн хуваарийн дагуу эрүүл зөв амьдрах, оройн сайханд оддыг харан дуу гарган алхлах, алс холоос амрагаа мөрөөдөх хэдий сайхныг, хамгийн гол нь эцэг эх гэж хэн бэ? Эх орон гэж юу вэ? гэдгийг мэдрээд буцна гэж бодохоор бахдалтай. Хүү нь, дүү нь, найз нь, амраг нь ардын цэргийн албаа амар мэнд хаагаад алтанхан шаргал нутагтаа ахан дүүсээрээ орж ахмад буурлууддаа үнсүүлээд айрагдаж явахын сайхан удахгүй ирнэ гэдэгт итгээрэй.
Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдагч Б.ПҮРЭВСҮРЭН