• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭЛХИЙГ ТОЙРСОН “ЭНХИЙГ САХИУЛАГЧ”
Нийтэлсэн: 2014-06-04 10:16:37
Үзсэн: 83

ДЭЛХИЙГ ТОЙРСОН “ЭНХИЙГ САХИУЛАГЧ”
Нийтэлсэн: 2014-06-04 10:16:37 Үзсэн: 83



      Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, дэд хурандаа П.Батнайрамдалын 2008 онд бичсэн “Африкийн халуун өдрүүд” номноос энэхүү тэмдэглэлийг бүрэн эхээр нь уншигчдад хүргэж байна.

     Өмнөх ээлжүүдийн цэргийн багт тохиолдоогүй содон үйл явдал бидэнд тохиолдсон нь дэлхийг явганаар тойрох аялал хийж буй монголын анхны явган аялагч Ж.Золбаяр цэргийн багийн хүндтэй зочин болсон явдал байлаа. Түүнийг Либери улсын хил дээрээс тосч авах гэсэн боловч Сьерра Леон улс руу нэвтрэх визний асуудлаас болоод эхний удаад тэнд нь үлдээж, цэргийн багийн холбогч офицер нар Ж.Золбаярыг хил нэвтрэх зөвшөөрөл авахад нь тусалсны ачаар хэдхэн хоногийн дараа Нарлаг баазад хүрэлцэн ирсэн юм.

     Орчин үеийн монголын хөгжмийн урлагт  електро урсгалыг анх оруулж ирснээрээ олон залуусын дунд авьяас  түрэн танил болсон Амай өөр нэг үйлсийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн нь монгол хүн явганаар дэлхийг тойрох аялал байлаа. Эр зориг, тэсвэр тэвчээр шалгасан энэхүү түүхэн аяллыг санаачлан олон нийтэд танилцуулахад эргэлзэж байсан хүн бий ч одоо бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаа нь Амайгийн төдийгүй монголчуудын бахархал болсоор байна. Хөгжмийн транс електро урсгал нь ямар нэг хөгжмийн зэмсэггүйгээр аялгуу гаргадаг онцлогтой бөгөөд үүнийг чадварлаг эзэмшсэн тэрээр өөрийгөө амаар аялгуу гаргагч гэж нэрлээд товчилсон нь түүнийг монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд ам ая буюу Амай гэдэг нэрээр тодотгож өгсөн билээ.

     Монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, бие бялдар, оюун санаа, сэтгэлгээний нэгэн тод илрэл болох дэлхийг явганаар тойрох аяллыг санаачлан хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан Амай 2005 оны 11 дүгээр сард дэлхийг тойрох аяллаа эхэлж хойд хөршийн хилийн дээсийг анх алхаж байсан нь саяхан мэт санагдавч цаг хугацаа ёстой л харвасан сум шиг улиран одсоор гурван жил шахмын өмнөх явдал болж, Амайгийн аялал түүхэн сонирхолтой тэмдэглэлүүдээ олны сонорт нэгэнтээ хүргэж эхэлсэн юм. Энэ хугацаанд монголчууд Амай хаана явна гэж сонирхон асууцгааж, түүний аяллын явцын талаар сонин хэвлэлд үе үе мэдээлэл гарч байнгын холбоотой байгаа хэдий ч чухам ямар ямар саад бэрхшээлтэй учирч буйг тэр бүр тод мэдэх нь ховорхон. Интернэтэд байрлуулсан Амайгийн хувийн вэйб сайтнаас түүний хаана явааг гэрэл зургийн хамт үзэж харж, санал бодлоо бичиж байгаа сонирхогчид олширсоор байгаа нь энэ аялал үнэхээр монголчуудын нэгэн бахархал гэдэг нь мэдрэгдэнэ.

     Дэлхийг явганаар тойрох аялал хийж байгаа Амай ОХУ-аар дамжин европоор аялж, улмаар дундад азийн хэд хэдэн орныг туулан Ойрхи дорнодод нэвтрэн тэндээс африк тив рүү оржээ. Тус тивийн далай хөвөөлсөн зүүн эргийн улсуудаар аяллаа үргэлжлүүлж явсаар Либери улсад ирээд Монгол Улсын Зэвсэгт хүчний 5 дугаар ээлжийн цэргийн багийн холбогч офицер, хошууч Чинзориг, Энхцог нартай уулзсан байна. Тэндээс  Сьерра Леон улс руу нэвтрэх маршруттай байтал хил нэвтрэх зөвшөөрөл авах гэж хэдэн хоног саатахаас аргагүйд хүрсэн ч харийн нутагт элэг нэгт монгол хүнтэй уулзаж учирсан Амай тэдний тусламжийн ачаар санасныг бодоход богино хугацаанд хил нэвтрэх зөвшөөрөл авчээ.

     Дэлхийг явганаар тойрон аялж буй Амайг Сьерра Леон улсад ирэхэд Цэргийн багийн удирдлага угтан уулзаж, Нарлаг баазад  зочны тусгай  өрөө бэлтгэн байрлуулсан юм. Монгол хүн дэлхийг тойрон аялж байгаагийн билэгдэл болж Амайгийн аяллын замдаа зорчсон 41 орны  тэнгэрт мандаад байгаа явган аялагчийн буюу бидний хошигнон нэрлэснээр  бага гарын төрийн далбаагаа Амай Сьерра Леон улсын нийслэл Фрийтуан хот дахь НҮБ-ын   ажиллагааны энхийг сахиулагчдын Нарлаг баазын үүдэнд НҮБ-ын далбаатай зэрэгцүүлэн мандуулсан юм.

     -Миний санаачлан маршрут, төлөвлөгөөгөө гаргаж, эр хүн л юм бол заавал хэрэгжүүлнэ гэж өөртөө тангарагласан дэлхийг явганаар тойрох энэхүү аялал маань 2005 оны 11 дүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос гарч ОХУ-ын хил рүү нэвтэрснээр эхэлсэн. Маршрутын дагуу улс алгасахгүйгээр явж, дэлхийн 150 гаруй орноор дайрах бөгөөд та нарын энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж байгаа африк тивийн баруун эргийн Сьерра Леон 42 дахь улс маань болж байна. Африк тив монголчуудын хувьд тийм ч нээлттэй биш учраас улс орнуудад нь монгол хүмүүс ховор. Би та нарын тухай мэдэж байсан, хурдхан шиг элэг нэгт монголчуудтайгаа уулзах юмсан гэж бодож явлаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд монгол хэлээр ярих нь бүү хэл монгол хүний зүс царай хараагүй явсан надад Либерит ирж хошууч Чинзориг, Энхцог нартай уулзаад монголоор ярихад их сонин санагдаж байлаа. Ийм хэл байдаг бил үү, би чинь монгол хүн шүү гэх бахархал төрж байсныг л хэлэх гэсэн санаа, тэрнээс биш төрөлх хэлээ мартаж, гайхаж байгаа юм биш. Эх хэлээр ярьж, эх хэлнийхээ чихэнд бус цусанд хоногшсон аялгууг нь сонсолгүй удаж байгаад сонсоход би монгол хүн шүү гэх омогшил аргагүй төрдөг юм билээ.

     Та нартай уулзахаас өмнө би хамгийн сүүлд ӨАБНУ-д явахдаа дөрвөн монгол хүнтэй таарсан юм. Нэг эмэгтэй, гурван залуу хувиараа цирк тоглуулж амьдарцгаадаг юм билээ. Тэд намайг хараад гайхаж бас итгэж ядаж байсан шүү. Миний аяллын талаар мэдээгүй байсан болоод тэр. Намайг тэд зочилж, гэртээ урьж харийн нутагт ахан дүүс шиг байсанд би баярлаж л явлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчирхэг гэдэг үгийг тэгэхэд нэг сайн санасан юм даг. Хаана хонох нь тодорхойгүй хэдэн цагийн дараа ямар аюул осолтой, эгзэгтэй мөчтэй тулгарах нь тодорхойгүй, байнга сэрэмж айдас дунд ганцаараа явдаг надад монгол хүмүүсийн дунд инээж суухад дээрх үг ой тойнд минь буусан хэрэг. Африк монгол хүмүүсийн хувьд харьцангүй мэдээлэл багатай, бас сонирхолтой тив. Энд цэргийнхэн анхалж хөл тавьсан биз дээ. Явган аялагчдад хамгийн осолтой гэгддэг африк тивийг үндсэндээ нар зөв тойроод дуусах гэж байна. Гэхдээ хойт африкийн хэд хэдэн орон өмнө минь байгаа. Ширэнгэ ой туулах, гол мөрөнд хавчигдан олон км уруудах, бас өгсөх, орон нутгийн унаанд гуйж гувшиж дайгдах, төөрөх, гудамж талбайд хонох гээд сонин хачин адал явдалтай алхам тутамдаа учирч байна. Хүний нутаг гүний хошуунд хүн танихгүй, ёс заншил, цаг агаар өөр газарт усыг нь уувал ёсыг нь дагаж явна, тун үнэн үг шүү. Африкт хорхой шавьж, зэрлэг араатан амьтдаас сэрэмжлэхээс  түрүүнд ам цангах нь бэрх. Гэтэл ундны усны асуудал газар мэдэхгүй надад байтугай нутгийн уугуул иргэдэд хамгийн ноцтой асуудал болоод байна. Хоол ундны хувьд өлсөх бол юу ч биш болсон. Харин өлбөрөхгүйн тулд дэндүү гэхэд хэлэх үг олдохгүй дэндүү хоолыг нүдээ аниж байгаад залгина шүү дээ. Нутгийн иргэдийн үйлдлийг дуурайж африкт өвс ногоо ч зулгааж, идэж үзлээ. Цэвэр усны хэрэгцээ хүнд ямар чухал болох, монголд айл бүхэнд цоргоор гоожиж байдаг тэр ус чинь ямар их үнэтэй эрдэнэ байдаг юм бэ гэдгийг африкт л мэдэрлээ дээ. Ганц хүний ачаа, тэгээд явганаар болохоор ямар юмных нь савтай ус үүрээд алхахав. Би хаана хэрхэн явсан тухайгаа болон явж байгаагаа интернэтэд өөрийн хаягаар товчхон гаргасаар л яваа. Сүүлийн жил гаруйн хугацаанд гэрэл цахилгаангүй газраар ихэвчлэн явдал таарч байгаа учраас африк орсноос хойш тасалдах нь их боллоо. Хожмоо энэ тухайгаа нэгтгэн ном болгох санаа бий, их удна даа лав л долоо найман жилийн дараа. Урт хугацаа хүлээгдэж байгаа биз. Монгол хүн явганаар дэлхийг тойрч явна гэхэд эргэлзэж гайхсан хүмүүс таардаг. Надтай уулзаад монгол гэж улс  байдгийг сая мэдэж байгаа хүн ч таарлаа. Ингэж явахад нэг хүнд бэрхшээл байнаа, юу гэвэл визний асуудал. Манай улсын гадаад харилцаа тийм ч өргөн цар хүрээтэй биш. Африк тивд ганцхан Египет улсад Элчин сайдын яамтай, элчин сайдын яамтай газраас дараагийн улс руу буюу Суданы виз авах гэж долоон сар хүлээсэн шүү. Тэгэхээр  монгол хүнгүй газарт ямар байх нь ойлгомжтой биз. Миний паспортын хугацаа дуусч байна, монголоос илгээмжээр ирэх ёстой. Амай бид хоёрын эхний яриа ингээд өндөрлөсөн юм.

     -Нарлаг баазын хашаанд ороход нулимс гарч байсан шүү, гэхдээ би нулимсаа нууж чаддаг болсон. Нарлаг баазын жагсаалын талбайд зуу гаруй монгол залуус эгнэн жагсаж намайг жагсаалын өмнө танилцуулахад эгээ л нутагтаа байгаа юм шиг, хүн бүр миний танил юм шиг даан ч сайхан, нөмөр түшигтэй байсан, санагдсан гээч. Биднийг монгол гэсэн нэгэн нэр, эх орон маань нэг хүн шиг нэгтгэж байдгийг эндээс л мэдэрсэн. Ер нь гарсан цагаасаа хойш ингэж сүрхий мэдрээгүй явжээ, би. Төрийн далбаа мандаж, төрийн сүлд дуулал эшиглэхэд дайчидтайгаа хамт дуулаад л …борцтой шөл, халуун хуушуур, сүүтэй цай африкийн зүүдэнд ч ороогүй явлаа. Намайг элэгсэг дотно угтаж, ая тухтай байлгаж хүндэлсэн дэд хурандаа Б.Баатар захирагчтай цэргийн багийн хамт олон, хэдхэн хоногт ижил дасал болон нөхөрлөсөн залуустаа, ЗХЖШ-ын ЭДХАГ-ынханд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Би аяллаа цааш үргэлжлүүлэн хойд африк, баруун европоор дамжин америк тив рүү орно. Аялал маань 7-8 жил үргэлжлэх байх. Амайг буцахын өмнөх ярианы нэг хэсэг ийм байлаа.

     Амай цэргийн багийн гүйцэтгэж  буй үүрэг, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, залуустай уулзалт зохион явсан газрын сонин хачинаас ярьсан нь ёстой нөгөө суусан цэцнээс явсан нь дээр бүр илүү гэдгийг баталсан юм. Цэргийн багийн болон ротын удирдлагаас Амайд анхаарал тавьж, эмнэлгийн бүх төрлийн үзлэг шинжилгээ хийж, ядаргаа тайлах эмчилгээнд хамруулж, зарим төрлийн эмийн болон бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг хийж эрүүл мэндийн талаас нь ямар ч “но”-гүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм. Амай ч олон жил, сараар үргэлжилсэн ийм аяллын явцад эрүүл мэндийн талаар л анхаарах ёстой гэдгийг бидэнд хэлж байсан, өөрөө биеэрээ туулж бусдын нутагт өвдөж эмнэлэгт хүртэл хэвтэж байсан Амайгийн үг манай дайчдад ч үнэтэй байлаа. Амайг байх хугацаанд хэд хэдэн урлагийн тоглолт болж мань эрийн авьяас чадварыг олны өмнө дэлгэсэн нь бас сонирхолтой байв. Аяыг та зэрэг хөгжмийн тэмцээнүүдэд Амай шүүгчээр ажиллаж залууст зааж сургаж, хамтран дуулж байсан нь их нийтэч нэгэн гэдгийг нь илтгэнэ.

     Амай цэргийн багт түр байрласан хугацаандаа нэг сургалтанд хамрагдсан бөгөөд өөрөө их идэвхтэй, итгэлтэй хичээл зүтгэлтэй байсан нь өөрийнх нь хэлснээр, түүний эх орныхоо төлөө цохилох зүрхний дуудлагаар гэсэн үг бараг л оносон болов уу. Амай цэргийн анхан шатны бэлтгэл сургалтанд хамрагдаж Зэвсэгт хүчний талаар тодорхой мэдлэгтэй болсон бөгөөд энхийг сахиулагчийн хувцас өмсөж, харуулын цэгт зогсож, байлдааны машинд сууж, буу задалж угсарч хүртэл үзээд авсан. Үүнийгээ би эр хүн, аяллаа дуусгаад эх орондоо очиход миний цэргийн алба хаах нас хэтэрсэн байх тул албаа та нарын дунд түргэвчилсэн байдлаар хааж байна гэж наргиан болгон хэлж байсан юм. Цэргийн эрдэмд шамдан суралцаад аялал хийж яваагаа бараг мартах шахлаа гэснийгээ богино боловч хэсэгхэн хугацаанд олон сар, жилийн аяллын стрессээ тайлснаар тайлбарлана билээ. Амай цэргийн багт зочилсон гэх боловч зүгээр суугаагүй юм. Цэргийн багийн сургалтын албаны өрөөнд “Амай рануд” нэртэй явуулын студи ажиллуулж, цэргийн багийн нэг өдрийн үйл ажиллагааг харуулсан клип хийсэн нь дайчдын сэтгэлд гойд нийцсэн билээ. Зураг авалтын бичлэг, эвлүүлэг, хөгжим зэргийг аргагүй л мэргэжлийн уран бтүтээлч хүн хийсэн нь мэдрэгдсэн энэ клип дайчин нэг бүрийн үнэтэй дурсамж байх нь эргэлзээгүй.

     Амай их санаачлагатай бас овсгоотой, өөрийгөө болон эх орноо багахан зүйл дээр ч гэсэн илэрхийлж байгаа нь хээрээр гэр, хэцээр дэр хийж яваагийнх нь олз омгийн нэг гэхээс өөр аргагүй. Африкийн хүүхдийн өдрөөр цэргийн багийнхан гадаадын бусад цэргийнхэнтэй хамтарч Фрийтаун хотын төвд зохиогдсон арга хэмжээнд оролцоход Амай дагаж бичлэг хийж, тайзан дээр гарч урлагийн тоглолт үзүүлж монгол орон, монгол хөөмийг эвтэйхэн сурталчлаад авсан даа.  Монгол хүн дэлхийг тойрох аяллынхаа маршрутад баруун африкийн хамгийн сайхан байгалтай танай сайхан орныг заавал багтааж зорьж ирлээ гэхэд нутгийн иргэд түүнийг талархан дэмжиж, найрсаг хандахаас яахсан билээ. Нарлаг баазад ажиллаж буй орон нутгийн гэрээт ажилчдыг цэргийн багийн алдрын тасалгаанд цуглуулж монгол орны үүх түүх, соёл урлаг, зан заншлын талаар сонирхолтой яриа хийж, өөрөө дуулж хөөмийдөн бас шагай харвах, няслах, шүүрэх тоглоомыг тайлбарлан зааж сургаж байсан нь, өөрөө хамтран тоглож байгааг нь харахад гадаад хэл чадварлаг эзэмшсэн, үндэсний бахархлыг дээдэлсэн өнөө цагийн мэдлэг чадвар соёл боловсролтой сэхээтэн, эх оронч юм гэж бахархах сэтгэл эрхгүй төрж билээ.

     Амай, цэргийн багийн клип хийж дуусахад миний паспорт ирэх байх, тэгээд аян замдаа гарч өгнө дөө, сайхан амарч сэтгэлээ сэргээлээ, ер нь хурдлахгүй бол болохгүй,  шөнө жаахан суунаа гээд өнөө клипээ эвлүүлж суугаад хоцорсон юм. Намайг өглөө эрт өрөөнд ороход клипээ хийгээд дуусчихлаа, сонирхох уу? гээд дагуулан гарав. Амайгийн хийсэн клипийг үзэж суутал түүнийг гадаа үүдэнд хүн уулзая гэж байна гэсэн дуудлага ирэв. Амай ч гарлаа, би ч бодлоо. Энэ таних хүнгүй газар хэн түүнийг дуудаж уулздаг байнаа гэж бодсноо дуусгаж амжаагүй шахам суутал Амай инээмсэглэн орж ирээд,би хэлээгүй юу, миний паспорт хүрээд ирж. Клипээ яг цагт нь амжуулсан байгаа биз гээд инээмсэглэж билээ. Монголын гадаад ногоон паспорт олон улсын шуудангаар олон орныг дамжин Амайгийн гар дээр ирсэн  2008 оны 6 дугаар сарын 29 –ний өдөр түүний 29 нас хүрсний төрсөн өдөртэй нь давхацсан юм. Амайгийн төрсөн өдрийн баярын ширээг чимсэн том дугуй бялууг дэлхийн бөмбөрцөг маягаар цэнхэр өнгийн кремээр чимэглэсэн байлаа. Төрсөн өдрөө цэргийн багийн дайчдын дунд тэмдэглэсэн Амайд ирсэн шувуу буцдаг гэсэн үг маргааш өглөө нь санагдсан байх. Амайг гаргаж өгөхөөр өглөө эртлэн боссон дайчид аян замдаа сайн явахыг хүсэн ерөөж ахуйд мань эр нулимс гаргаж харагдсан, нулимсыг нуух үе, нуухгүй үе гэж бас байдаг нь энэ.

                    2008 он. Сьерра Леон улс, Фрийтаун хот

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226