Буурал их түүх, өвөг дээдсээс уламжлалтай Монгол цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа нь цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ бөгөөд идэр жавхаалаг хөвгүүд нь эх орноо хамгаалах, эр цэргийн алба хаах үйлсэд амь бие үл хайрлан зүтгэхээ батлан тангараглаж буй энэ өдөр бол эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж явсан ахмад үеийнхэнд маань дурсгалтай, ард иргэдийн маань хувьд бахархалтай, цэрэг эрсийн сүр хүчийг илтгэсэн тэмдэглэлт үйл явдал билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчинд 2015 оны нэгдүгээр ээлжинд 18 аймаг 7 дүүргээс татагдан ирсэн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад алба хаах дайчид жигдрэн жагссан байлаа. Тангараг өргөх арга хэмжээнд Монгол Улсын их хуралын гишүүн З.Баянсэлэнгэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, цэргийн тангараг өргөх дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Цэргийн тангараг нь цэргийн алба хаагчийн эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт үнэнчээр зүтгэхээ илэрхийлсэн баталгаа байдаг бөгөөд “Монгол Улсын Үндсэн хуул”-ийн дагуу Зэвсэгт хүчний ангиудад татагдан ирсэн шинэ дайчид маань 45 хонгийн хугацаанд нийт 272 цагийн сургалтыг зохион байгуулж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа эх орон, ард түмнийхээ өмнө өргөж байна.

Цэргийн жинхэнэ алба хаана гэдэг төр улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөт бие даасан байдал, үндэсний эв нэгдэл, үзэл бодлыг дээдлэн, эх орныхоо түүх, соёл, зан заншлыг хайрлан хүндэтгэх, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн эх оронч сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд чухал үүрэгтэй бөгөөд цаашид төрийн жинхэнэ албанд ажиллаж, хөдөлмөрлөх нэгэн баталгаа болох учиртай.
