• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АДХЦ 50 НАС ХҮРЧЭЭ.
Нийтэлсэн: 2014-05-14 11:48:34
Үзсэн: 91

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АДХЦ 50 НАС ХҮРЧЭЭ.
Нийтэлсэн: 2014-05-14 11:48:34 Үзсэн: 91



БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг эрхлэх яам /АЦХЭЯ/-ны сайд бөгөөд Ардын армийн командлагчийн 1964 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн н/174 тоот тушаалаар Ардын армийн Пуужингийн тусгай дивизионыг  “Армийн артиллерийн дивизион”, 5 рот бүхий радиотехникийн тусгай батальоныг “Армийн радио техникийн тусгай батальон” нэртэйгээр шинээр байгуулсанаар Зэвсэгт хүчний АДХЦ-ийн суурь тавигдсан байна.

     БНМАУ-ын АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын армийн командлагч хурандаа генерал  Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар 1964 оны 8 дугаар сард Ардын армийн Ерөнхий штабын Пуужин ба артиллерийн албаны харьяанд Агаараас эсэргүүцэн хамгаалах албыг анх байгуулж, 1964 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн н/202 тоот тушаалаар дэд хурандаа Л.Дондовыг анхны даргаар нь томилжээ.

               Зэвсэгт хүчний  АДХЦ-ийн   үе үеийн командлагч нар.

Дэд хурандаа Л.Дондов                            1964-1966 он

Хошууч генерал Г.Түмээ                            1966-1968 он

Дэд хурандаа Л.Дондов                            1968-1971 он

Дэслэгч генерал Ч.Пүрэвдорж                  1971-1974 он

Хошууч генерал Ц.Геннадий                      1975-1979 он

Хурандаа Л.Өлзий                                   1980-1986 он

Хошууч генерал Ч.Улаанхүү                    1986-1996 он

Дэслэгч генерал Ц.Бямбажав                  1996- 2000 он

Хошууч генерал Ч.Улаанхүү                     2000-2005 он

Дэслэгч генерал Ц.Бямбажав                  2005- 2007 он

Хурандаа  Ш.Энхбат                                2007-2009 он

Бригадын генерал Т.Дашдэлэг                2009-2013 он

Хурандаа  Г.Батхүрэл                              2013 оноос

 

             Зэвсэгт хүчний АДХЦ нь өнгөрсөн 50 жилийн турш өргөжин тэлсээр иржээ.

     Зэвсэгт хүчний 065 дугаар анги анх 1964 онд 5 салбартайгаар байгуулагдаж Монгол Улсын зүүн бүсийн агаарын хилийн халдашгүй дархан байдал, агаарын орон зайд хяналт тавих, агаарын орон зайн зөрчлийг илрүүлэх байлдааны жижүүрлэлтийн үүргийг гүйцэтгэж байна.

     Ардын армийн 028 дугаар анги 1964 онд, 134 дүгээр анги 1970 онд тус тус байгуулагдаж, улсын нийслэл, онц чухал объектыг агаараас халхлах байлдааны жижүүрлэлтийн үүргийг гүйцэтгэх хугацаандаа байлдааны харвалттай тактикийн хээрийн сургуулийг 2 удаа Монгол Улсын нутагт, 15 удаа ЗХУ-ын (хуучнаар) нутагт явуулж, үүргээ амжилттай биелүүлж, АИХ-ын тэргүүлэгчдийн 1971.03.13-ны өдрийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан дайчин уламжлалтай.

     БНМАУ-ын АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын армийн командлагчийн 1966 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар Нэгдсэн командын байрыг Агаараас эсэргүүцэн хамгаалах хэлтсийн харъяанд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

    БНМАУ-ын АЦХЭЯ-ны сайдын 1966 оны 6 сарын 28-ны н/116 тоот  тушаалаар “АЦХЭЯ-ны холбооны эскадриль” нэртэйгээр Ардын армийн 109 дүгээр анги байгуулагдан үүрэг гүйцэтгэж байгаад, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 69 дүгээр тогтоолоор тус ангийг татан буулган Зэвсэгт хүчний 303 дугаар анги буюу АДХЦ-ийн Удирдлагын төв байрыг шинээр байгуулж, Монгол Улсын агаарын хилийн халдашгүй дархан байдал, агаарын орон зайд радиолокацийн хяналт тавих, агаарын орон зайн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж буй анги, салбаруудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлж эхэлсэн.

     1970 онд МиГ-17 загварын сөнөөгч онгоц бүхий Сөнөөгч онгоцны эскадриль байгуулагдаж улмаар 1977 онд  сөнөөгч МиГ-21ПФМ онгоцны тусгай эскадриль, 1982 онд хороо болон өргөтгөн зохион байгуулагдаж,  Ардын хувьсгалын 50, 60, 65 жилийн ойн баяраар агаарын парадын үзүүлэх нислэгийг амжилттай гүйцэтгэж байсан.

     1984 онд Ардын армийн 251 дүгээр анги байгуулагдаж, улмаар 1986 онд галын дэмжлэгийн Ми-24В загварын нисдэг тэргийг  хүлээн авч, сургууль байлдааны нислэгийг гүйцэтгэж эхэлсэн байна.

     ОХУ,  Монгол Улсын хамтарсан “Сэлэнгэ-2013” сургуулийн үеэр галын дэмжлэгийн  Ми-24В, тээвэр-байлдааны Ми-8Т нисдэг тэрэгний пулёметын буудлага, байлдааны удирдлагагүй пуужингийн  харвалтыг амжилттай гүйцэтгэж, мотобуудлагын анги, салбарын байлдааны ажиллагааг агаараас дэмжих боломжоо дээшлүүлсэн. 

Зэвсэгт хүчний 325 дугаар ангийг 1997 онд дэлгэн байгуулж, Монгол Улсын баруун бүсийн агаарын хил, орон зайн хяналтыг нэмэгдүүлсэн.

   ОХУ-аас  буцалтгүй тусламжаар нийлүүлсэн Печеро-2М зенит пуужингийн цогцолборыг хүлээн авч, 2012 онд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийг шинээр байгуулан  нийслэл хотыг агаараас халхлах байлдааны жижүүрлэлтийн үүрэг  гүйцэтгэж байна.

   БХИС-ийн Холбооны танхимыг 1991 онд өөрчилж, АДХЦ-ийн тэнхимийг “Холбоо, радиотехникийн танхим” нэртэйгээр байгуулж, 1992 оноос дотооддоо радиотехникийн боловсон хүчнээ бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр радиотехник, зенит пуужингийн мэргэжлийн офицерууд болон нисэхийн бага мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

  Зэвсэгт хүчний АДХЦ-ийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүнээс НҮБ-ын мандаттай олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна, 2010 оноос эхлэн Нисдэг  тэрэгний техникийн засвар, үйлчилгээний бүлэг Афганистан Улс дахь АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд  анх удаа үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш Афганистаны үндэсний армид 200 гаруй бага болон дунд шатны мэргэжилтэн бэлтгэж, одоо 7 дугаар ээлжийн бүлэг үүргээ амжилттай гүйцэтгэж байна.  

   Зэвсэгт хүчний АДХЦ-ийн жагсаалаас БНМАУ, ЗХУ-ын баатар Монголын Улсын анхны сансарын нисэгч хошууч генерал Ж.Гүррагчаа,  Монгол Улсын ЗХЖШ-ын дарга агсан дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал  Ц.Бямбажав, Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагч хошууч генерал Ч.Улаанхүү, бригадын генерал Т.Дашдэлэг, Монгол Улсын гавьяат нисгэгч дэд хурандаа А.Цогнэмэх, хурандаа Б.Дашаахүү,  цэргийн шинжлэх ухааны доктор хошууч генерал Ц.Геннадий,  хурандаа Л.Болдбаатар, хурандаа Б.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат жүжигчин хурандаа Н.Чулуунхүү зэрэг олон арван алдар гавьяатан, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарсан юм.

   Зэвсэгт хүчний АДХЦ байгуулагдсаны 50 жилийн ойгоо хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтахаар АДХЦ-ийн командлал болон харьяа анги, салбаруудын идэвх санаачлагатай ажиллаж байна.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226