
ЗХЖШ, Олон улсын Улаан загалмайн хороо болон Монгол Улсын Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт мөргөлдөөний хуулийн зааварлагч, багш бэлтгэх дамжааг уламжлал ёсоор эхлүүллээ. Сургалт дамжааг Олон улсын Улаан загалмайн хорооны Зүүн азийн Зэвсэгт хүчин хариуцсан бүсийн төлөөлөгч, ноён Зарван Ранжаро Овсиа удирдан явуулж байна. Сургалтын нээлтийн ёслолд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Монгол Улсын Улаан загалмайн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй албаныхан оролцож сургалтад оролцогч цэргийн алба хаагчдад амжилт хүсэв. Хошууч генерал Ж.Бадамбазар Зэвсэгт мөргөлдөөний хуулийн зааварлагч, багш бэлтгэх дамжааг 1997 оноос хойш хэрэгжүүлж буйг дурьдаад сургалтад хамрагдсан багш, сургагч багш нарыг түшиглэж “Хааны эрэлд” олон улсын сургууль болон энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлд онол, дадлагын хэлбэрээр явуулж буйг онцолсон. Харин Монгол Улсын Улаан загалмайн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Н.Болормаа сургалтыг тасралтгүй үргэлжлүүлж байхыг хүсээд ЗХЖШ, Монгол Улсын Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Ялангуяа, энхийг дэмжих ажиллагаанд монгол цэргүүдийг ажиллагааны газар оронд иргэдэд тусламж үзүүлдэг байдлаас суралцах, туршлага судлах, мөргөлдөөний үеэр Монгол Улсын Улаан загалмайн хорооны бэлэн байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй гэж байв. Зэвсэгт мөргөлдөөний хуулийн зааварлагч, багш бэлтгэх дамжаа тусгай хөтөлбөрийн дагуу энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж “Соёмбо” сонин