
Энэ сарын 29-нд болох Олон Улсын Энхийг сахиулагчдын баярыг тохиолдуулан хошууч генерал Г.Рагчаа агсаны нэр алдар, байгуулсан гавьяа зүтгэлийг мөнхлөх зорилгоор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн талбайд түүний хөшөөг босголоо. Г.Рагчаа агсны дурсгалын хөшөө өнөөдрөөс эхлэн энэ ангийн гадаа сүндэрлэх болж байна. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр тэргүүтэй батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд, ахмад дайчид, хошууч генерал Г.Рагчаа агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь оролцсон юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох эхлэлийг тавьж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол хошууч генерал Г.Рагчаа агсан гэдгийг хэн хүнгүй онцолж байлаа. Тухайлбал, хөшөөний нээлтийн үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав "Г.Рагчаа агсны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, цэргийн дипломат алба, БХИС-ийн хөгжил, цэргийн эрдэм судлал, энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмэр мартагдашгүй гэгээн мөртэйг туулж өнгөрүүлсэн түүхэн замнал, хийж бүтээсэн үйл хэргээс нь харж болно. Монгол Улсын Зэвсэгт хүчин, даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байгаа билээ.

