• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БНТУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2014-09-26 12:37:05
Үзсэн: 66

БНТУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2014-09-26 12:37:05 Үзсэн: 66



     Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй Туркийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш манай оронд саатан албан ёсны айлчлал хийж байна.

     БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмазыг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хүндэт харуулын хамт хүндэтгэн угтан авч, Монгол оронд айлчлан саатсанд талархлаа илэрхийлсний дараа албан ёсны хэлэлцээр эхэлж, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцлоо.

     Уулзалтын үеэр сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжиж өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв.

   Албан ёсны хэлэлцээрийн дараа Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз нар  хоёр улсын Засгийн газар хоорондын “Цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” болон түүний “Хэрэгжилтийн прокотол”-д гарын үсэг зурж, хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө.

    Мөн БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон цэргийн алба хаагчидтай уулзан, талархлаа илэрхийлж, дурсгалын зураг татууллаа.

 Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хүндэт зочиндоо бэлэг бэлгийн дээд хурдан морь бэлэглэсэн юм. Ноён Исмет Илмаз энэхүү бэлгийг билэгшээн хүлээн авч, их хаанаа дурсан, Билгэ хэмээн нэр хайрлалаа.

    Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй төлөөлөгчид мөн өдөр Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.  

    Түүнчлэн БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлалын хүрээнд Архангай аймгийн нутагт байрлах Түрэгийн хөшөө, дурсгалын цогцолбор, нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Тоньюкукийн хөшөө, Цонжин Болдогт байрлах Чингис хааны дурсгалын цогцолборт зочилсон юм.

Энэхүү айлчлал богинохон хугацааных боловч Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын найрсаг хамтын ажиллагаа, ялангуяа хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаанд чухал байр суурь эзлэх үйл явдалюм.

     Монгол-Туркийн батлан хамгаалах салбарын харилцаа 1999 оноос хойш харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт хийх, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, буцалтгүй тусламжийн хүрээнд цэргийн боловсон хүчин сургах, цэргийн санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байна. БНТУ-ын Засгийн газраас хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд жил бүр 1 сая америк доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг Монгол Улсын батлан хамгаалах салбарт үзүүлж байна. 2000 оноос хойш Туркийн Хуурай замын дээд, дунд түвшиний академи, төрөл мэргэжлийн сургууль, цэргийн сургуульд 79 офицер суралцаж төгссөн бөгөөд насанд хүрээгүй иргэдийг БНТУ-ын цэргийн дунд сургуульд болон БНТУ-д зохион байгуулагддаг НАТО-гийн төрөл бүрийн сургалт дамжаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн алба хаагчдыг суралцуулах талаар БНТУ-ын талаас байнга дэмжлэг үзүүлж байна. 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226