• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОФИЦЕРЫН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ЭХЛЭНЭ ЗХЖШ-ын АУГ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.ДУГАРРАГЧАА
Нийтэлсэн: 2015-05-01 13:24:28
Үзсэн: 44

ОФИЦЕРЫН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ЭХЛЭНЭ ЗХЖШ-ын АУГ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.ДУГАРРАГЧАА
Нийтэлсэн: 2015-05-01 13:24:28 Үзсэн: 44



Офицерын түвшин тогтоох үзлэг ямар хугацаанд явагдах вэ? Гол зорилгын талаар тодруулна уу?  

-Офицерын түвшин тогтоох үзлэгийг 5 дугаар сарын 4-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цаг үеийн байдлаас шалтгаалан хөдөө, орон нутагт байрлах анги, салбаруудаас үзлэгийг эхлэнэ. Зэвсэгт хүчинд алба хааж буй офицеруудын мэдлэг, боловсрол, ур чадвар, бие бялдрын түвшин томилогдсон албан тушаал, ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэхэд бодит үнэлгээ өгөхөд үзлэгийн гол зорилго оршиж байгаа юм.

Түвшин тогтоох үзлэг явуулах журмын талаар тодруулбал? 

-Зэвсэгт хүчний ангиудын үзлэгийг зөвхөн нэг комисс хариуцан явуулахаас гадна мэдээлэл, технологийн хэрэгслийг ашиглан хүний хүчин зүйлүүдийн аль болох бага оролцоотойгоор зохион байгуулахын зэрэгцээ офицеруудын ажлын байрны шаардлага, шалгуур үзүүлэлтийг менежментийн сорилго, шалгалтын аргуудыг ашиглан хүн нэг бүрийн ажлын бүтээмж, манлайлах ур чадвар зэрэг гол үзүүлэлтийг шалгаж үнэлгээ өгч байгаагаар онцлогтой.

 Үзлэгийн өмнө ангийн удирдлагууд офицеруудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тэдний боловсрол, мэргэжил, алба хаасан хугацаа, мэргэжлийн зэрэг эзэмшилт, сайшаал, шийтгэл, амьжиргааны түвшин зэрэг ерөнхий судалгаануудыг бэлтгэсэн байх шаардлагатай. Үүнээс гадна цэргийн алба хаагчдаас биеийн жингийн судалгаа, түүний дагуу анги, салбарын удирдлагаас сар бүр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг бэлтгэнэ.  

Түүнчлэн офицерууд сүүлийн хоёр жилийн ажлын тайлангаа бичиж, өөрийн үнэлгээний хуудсыг ангийн чиглэл хариуцсан орлогч нараас авна. Харин ажлын гүйцэтгэлийн үнэлгээг ангийн захирагч өгнө. Үүнээс гадна офицер нэг бүрийг хамт олны санал асуулгаар дүгнэх бөгөөд санал өгөх хүний тоог ангийн захирагч тогтоож, бүх үнэлгээг баталгаажуулсан байх юм.   

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй офицерууд үзлэгт хэрхэн хамрагдах вэ? 

-Энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлд хамрагдаж буй бүрэлдэхүүн бэлтгэлийн хугацаанд, ажиллагаанаас ирсэн бүрэлдэхүүн 1 сарын дотор хамрагдана. Үзлэгийн хугацаанд хамрагдах боломжгүйгээр энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүнийг АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, ангийн захирагч, цэргийн багийн захирагчийн үнэлгээгээр тус тус үнэлнэ. Харин үзлэгт хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаагүй бүрэлдэхүүн тухайн шалтгаан арилсны дараа үзлэгт хамрагдах үүрэгтэй.

Шалгалтын үндсэн шалгуур үзүүлэлтүүд юу байх вэ?

-Ажлын байрны тодорхойлолтын албан үүргээ гүйцэтгэх чадвар болон хүн нэг бүрийн мэдлэг, боловсролын болон мэргэжил ур чадварын түвшин, гадаад хэлний болон оюуны чадавхийн түвшинг тогтооно. Хүн нэг бүрийн мэдлэг, боловсролын түвшинг тактик, тусгай тактик, мэргэжлийн бэлтгэл, гадаад хэлний бэлтгэл, оюуны чадавхийн түвшин, галын бэлтгэл хичээлүүдээр шалгана. 

 Тактик, тусгай тактик, мэргэжлийн бэлтгэл, аюулгүй байдал эрх зүйн шалгалтыг тест, бодлого бодуулж авна.  

Галын бэлтгэл I дасгалаар, Гадаад хэлний шалгалтыг “Англи, Орос хэлний анхан шатны стандарт”-ын түвшинд,  бие бялдрын ерөнхий түвшинг “Цэргийн алба хаагчдын бие бялдрын шалгуур үзүүлэлтийн стандарт”-ын дагуу дараах дасгалуудаар шалгана. Стандартад заасны дагуу дараах дасгалуудыг боловсруулна. Үүнд:

Хурдны чанарыг:

-100 м, 10х10 м-ийн гүйлтийн дасгалаар;

Хүчний чанарыг:

-18-35 насны эрэгтэй дүүжинд суниах, 36-45 насны эрэгтэй савлуурт суниах, 46-аас дээш насны эрэгтэй гар дээр суниалт, гэдэсний таталтын дасгалаар,

-Бүх насны эмэгтэй гар дээр суниах, гэдэсний таталтын дасгалаар.

Тэсвэрийн чанарыг:

-Бүх насны цэргийн алба хаагчид 1000 м, 3000 м-ийн гүйлтийн дасгалаар.

Авхаалж самбааг:

-18-35 хүртэл насны эрэгтэй I цогцолбор дасгалаар, 36-аас дээш насны эрэгтэй сууж босох дасгалаар;

-Бүх насны эмэгтэй сууж босох дасгалаар авна.

Түвшин тогтоох шалгалтыг хэрхэн дүгнэх талаар... 

-Шалгалтын дүнг 11 дүгээр сарын 20-ны дотор нэгтгэн, комиссын бүрэлдэхүүн дотооддоо хэлэлцээд ЗХЖШ-ын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Журамд заагдсан шалгуур үзүүлэлт тус бүрийг 1-100 оноогоор үнэлэн арифметик дунджаар бодон тоон утгад тохирсон үнэлгээг өгч үзүүлэлтийн дунджаар хүн нэг бүрийг үнэлнэ. Бие бялдрын стандарт хангаагүй цэргийн алба хаагчийн биеийн тамирын бэлтгэлийн үнэлгээний голч дүнгээс 1.0 оноогоор бууруулж дүгнэнэ. Шалгалтад “В”, түүнээс дээш дүнтэй шалгагдсан бүрэлдэхүүнийг дараагийн шатны албан тушаалд томилуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах,  хангалтгүй үнэлгээ авсан бүрэлдэхүүний гэрээг цуцлах, цаашид холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх гэх мэт арга хэмжээ яригдана.

Ахлах дэслэгч Д.МЭНДБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226