Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээ үндсэндээ жилийн турш үргэлжилж ялалтыг тунхагласан өдрүүдээр Хэнтий Дорнод аймагт ёслолын арга хэмжээ өрнөв.Улаанбаатар хотоос гарсан цуваа Хэнтий аймагт ирэхэд нутгийн иргэд аймгаа “гоёчихсон” Чингис хааны талбайдаа ёслол төгөлдөр угтаж авлаа. Хүндэтгэлийн цуглаанд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, ОХУ-аас ирсэн зочид төлөөлөгчид, ахмад дайчид, монгол, орос залуусаас бүрдсэн тойрон аялалын багийнхан, түүхт ялалтыг авчирсан дайчид, Монгол Улсын баатруудын үр хүүхдүүд гээд олон зочид оролцож, ялалтын баярыг тэмдэглэж, алтан амиа хайрлалгүй тэмцэж ялалтыг авчирсан монгол орос дайчид, амьд сэрүүн буй ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хамт олон тоглолтоо сонирхуулж, “Халхын голын байлдааны ялалт-75”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” сэдэвт Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн дэлгэгдэж нутгийн иргэдийн хөлд дарагдсан.
Зочид, төлөөлөгчид ЗХУ-ын баатар М.С.Аношин, А.И.Киселев нарын дурсгалын хөшөө, нэр нь үл мэдэгдэх Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, үдээс хойш ялалтын ойд зориулсан баярын хурал, үдшийн цэнгүүн, ёслолын буудлага зэрэг арга хэмжээ үргэлжилсэн бөгөөд ЦДБЭЧ-ын хамт олны тоглолтыг Хэнтийчүүд ам уралдан магтаж, алга нижигнүүлэн хүлээж авсныг онцлох нь зүйтэй.
“Здравствуйте” гэж гар даллан угтлаа
Хэнтийгээс хөдөлсөн цуваа Дорнод аймагт ирж, өглөө нар мандахтай зэрэгцэн Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө.Байдгаараа гоёчихсон охид, хөвгүүд цэцэг барин жагсаж ирсэн зочдод баярын мэнд хүргэн мэндчилэх нь өхөөрдөм.Дорнодынхон түүхт ялалтын ойд сэтгэл гаргаж бэлдсэн нь илт.Чойбалсан хотын төв талбайд багтахгүй шахам хүмүүс цугларч, хүндэтгэлийн индэрт төр засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ҮАБХТЧҮББ-ын удирдлагууд, ОХУ-аас ирсэн хүндэт зочид зогсож, тэдний дунд энгэртээ одон медалиа гялалзуулан, бахархал хүндэтгэл хүлээн зогсох ахмад дайчид онцгойрон харагдана. Цэргийн ёслолын жагсаал хурсан олны сэтгэлийг хөвсөлзүүлж, ялангуяа “Сэлэнгэ-2014” Монгол Оросын хамтарсан хээрийн сургуульд оролцсон оросын цэргийн алба хаагчдын жагсаал талбайд орж ирэхэд нутгийн иргэд уухай нэмэн “Здравствуйте” гэж зэрэг шахам мэндчилэх нь хоёр орны ард түмний найрсаг элгэмсүү сэтгэл, ах дүүсийн барилдлага одоо ч хэвээрээ гэдгийн нэгэн илэрхийлэл байлаа. Үүний дараа Монгол Улсын Шадар сайд Тэрбишдагва Дорнодчуудад түүхт ялалтын ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, баярын арга хэмжээ цааш үргэлжилж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнханы шүхрийн буулт, үзүүлэх тоглолт, Монгол цэргийн музейн хамт олны дэлгэсэн үзэсгэлэнгүүд, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хамт олны тоглолт, баярын хурал хүндэтгэлийн тоглолт гээд ар араасаа цуварч үдэш ЦДБЭЧ-ын уран бүтээлчид Чойбалсангуудад тоглолтоороо бэлэг барьж нэгэн өдрийг өнгөрөөсөн юм.

