• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОЁР ӨДРИЙН СУРГАЛТААР
Нийтэлсэн: 2014-04-14 14:08:56
Үзсэн: 100

ХОЁР ӨДРИЙН СУРГАЛТААР
Нийтэлсэн: 2014-04-14 14:08:56 Үзсэн: 100



Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нартай явуулдаг цэрэг, стратегийн бэлтгэл, сургалт Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдлаа. Хоёр өдөр үргэлжилсэн сургалтын эхний өдөр сургалтад оролцох бүрэлдэхүүнийг хүлээн авч, нэгдсэн хөтөлбөртэй танилцуулж, Бүх цэргийн Хар сүлдэнд хүндэтгэл үзүүлсэн юм. Улмаар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв рүү марш үйлдэн очиж байрласан. Энэ жилийн цэрэг, стратегийн бэлтгэл, сургалтад ХХЕГ, ТЕГ, Цөмийн энергийн газар, МХЕГ, ЦЕГ, Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газар, ОБЕГ, ГЕГ, Оюуны өмчийн газар зэрэг 30 гаруй байгууллагын дарга нар оролцсон нь сургалтын нэр хүнд, ач холбогдол жилээс жилд өсч буйн илэрхийлэл билээ.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Баатар агентлагийн дарга нарт ангийнхаа танилцуулгыг хийж, байнгын байрлалтай танилцуулсан бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтоо толилуулав.

Цэрэг, стратегийн бэлтгэл, сургалтыг ЗХЖШ-ын АУГ-аас  зохион байгуулж, агентлагийн дарга нарт цэргийн хэргийн мэдлэгийг богино хугацаанд олгоно. Тэд оройн зугаалга, тооллого, өглөөний бослого, гүйлт, гимнастикт хамрагдаж, төрийн далбаа мандуулсан зэрэг нь  яах аргагүй урьд өмнө нь төдийлэн мэддэггүй шинэ орчин байлаа. Хоёр дахь өдрийн сургалтыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав “Бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчин” сэдвээр эхлүүлж, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал М.Хүрлээ, АУГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, ЦХҮГ-ын дарга, бригадын генерал Д.Даваа, ХШҮГ-ын дарга, ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Г.Энхбаатар, БСТГ-ын ЦДХ-ийн дарга, хурандаа Ш.Ганбат нар үргэлжлүүлэн хичээл заасан. Хичээл заасан багш нараас агентлагийн дарга нар зарим зүйлийг тодруулан лавлаж байсан.

Мөн өдөр сургалтанд оролцогсод Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай ажиллагааны, 150 дугаар ангийн энхийг дэмжих ажиллагааны үзүүлэх сургуулиудыг сонирхож, буудлагын зэвсгүүдээр анх удаа буудаж, дарийн утаа үнэрлэсэн нь тэдний хувьд бахархууштай үйл явдал байсан байх аа! Улмаар агентлагийн дарга нар цэргийн тангараг өргөж, офицерын мөрдэс гардан авсан. ЗГХЭГ-ын дэд дарга, МХЕГ-ын дарга, Архивын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга нар өмнө нь хугацаат цэргийн алба хаасан, бас зарим нь офицер байсан учраас, бусдаасаа ялгарч байсан. Тийм ч учраас ЗГХЭГ-ын дэд дарга, бэлтгэл хошууч Ч.Сайнбилэг энэ өдөр бэлтгэл дэд хурандаа, бэлтгэл ахмад И.Саруул бэлтгэл хошууч цол тус тус хүртэж, бусад нь бэлтгэл дэслэгчийн мөрдэс, сертификат гардсан юм. Сургалтад оролцогсдыг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга, бэлтгэл дэд хурандаа Ч.Сайнбилэг үг хэлж, талархлаа илэрхийлж байв. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав хэлсэн үгэндээ “Та нөхөд Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө цэргийн тангараг өргөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, өнөөдөр миний өдий зэрэгтэй яваа нь цэргийн сургууль дүүргэж, цэргийн тангараг өргөсөнтэй холбоотой гэж нэг бус удаа хэлсэн нь зүгээр нэг үг биш билээ. Ийм үүрэг өнөөдөр та бүхэнд оногдлоо”  гэж хэлсэн.

Энэ үеэр ГЕГ-ын дарга, бэлтгэл дэслэгч О.Ганбат, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, бэлтгэл дэслэгч Ц.Жадамбаа, Газрын харилцаа, геодози, зураг зүйн газрын дарга, бэлтгэл дэслэгч А.Хүрэлшагай, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга, бэлтгэл дэслэгч И.Нарантуяа нартай уулзахад “Эх орон, эр цэргийн үнэ цэнэ ямар байх ёстой вэ? гэдгийг бага ч атугай ойлгож авсандаа туйлын баяртай байна. Цэргийн цолны цаана ямар үүрэг, ямар хариуцлага оногдож байгааг ч ойлгож байна. Тийм учраас Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарынхантайгаа нягт хамтран ажиллана” гэж ам нэгтэй хариулж байв.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226