• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА
Нийтэлсэн: 2014-04-16 14:17:37
Үзсэн: 92

МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА
Нийтэлсэн: 2014-04-16 14:17:37 Үзсэн: 92



Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд АНУ нь тэргүүлэх чиглэлийн орон бөгөөд тус улстай батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. 

1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсоноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь (1) Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, (2) Зэвсэгт хүчний энхийг сахиулах хүчний чадавхийг бэхжүүлэх, (3) олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх (4) Бүс нутгийн тогтвортой байдлын талаар ярилцаж санал солилцох зэрэг чиглэлээр тус тус хөгжиж байна.

            Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах зорилгоор 2008 онд “Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсанаас гадна Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардитай “Улс, муж хоорондын түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцох санамж бичиг”, Монгол Улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, АНУ-ын Цэрэг, иргэний харилцааны төвтэй сургалт, судалгааны талаар хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцох санамж бичиг”, Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль, АНУ-ын Виржиний цэргийн сургуультай хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцох санамж бичиг”-ийг тус тус байгуулсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг АНУ-ын тэргүүлсэн эвслийн “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-нд 2003-2008 онд Ирак улсад үүрэг гүйцэтгэсэн. 2003 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний сургалтын хөдөлгөөнт баг (11 ээлжийн нийт 235 цэргийн албан хаагч) “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үүрэг гүйцэтгэж байгаа ба 2009 оноос Кабул дахь АНУ-ын “Эггерс” баазын харуул, хамгаалалтын үүргийг гүйцэтгэх Зэвсэгт хүчний 130 хүний бүрэлдэхүүнтэй баг, 2010 оноос  6 хүний бүрэлдэхүүнтэй нисдэг тэрэгний сургалтын баг тус тус үүрэг гүйцэтгэж байгаа болно.

Өнгөрсөн хугацаанд дээд, дунд хэмжээний харилцан айлчлалыг амжилттай зохион байгуулсаар ирэв. Үүний дотор 2005 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайд, 2000, 2010 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд,  2004 онд АНУ-ын штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, мөн Номхон далай дахь АНУ-ын Цэргийн ерөнхий командлагч, командлалын Хуурай замын цэргийн командлагч нар хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилсан болно.

2011 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Вашингтон хот болон АНУ-ын Флорида муж дахь Төвийн командлалд, 1996, 2010 онд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд АНУ-д, мөн Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид нар Вашингтон хот, Номхон далай дахь АНУ-ын Цэргийн ерөнхий командлал болон АНУ-ын, Төвийн командлал, АНУ-ын Флорида муж дахь Төвийн командлалд тус тус ажлын айлчлал хийсэн. Эдгээр айлчлал нь хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны явц байдалд үнэлэлт өгөх, хэтийн төлөвийг тодорхойлох, зэвсэгт хүчний цэргийн багуудыг Эвслийн ажиллагаанд оролцуулахтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулж ирлээ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Энхийг сахиулах ажиллагааны бүс нутгийн сургалтын төв” байгуулах зорилтын хүрээнд бүс нутгийн 30 гаруй улс оролцсон энхийг сахиулах ажиллагааны “Хааны эрэлд” команд-штабын болон тактикийн хээрийн сургуулийг манай улсад 2006 оноос жилд бүр АНУ-тай хамтран хийж байна. Эдгээр арга хэмжээ нь бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, улс орны аюулгүй байдлыг улс-төр дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд зохих  хувь нэмэр оруулсан билээ. 

            Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр улсын бодлого, үйл ажиллагааг харилцан хүндэтгэсэн, ойлголцсон, харилцан ашигтай байдлаар хөгжиж байгаа нь нэгдүгээрт, манай улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх, хоёрдугаарт,  манай улсад Ази, Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, олон улсын аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулах, гуравдугаарт, цэргийн хэрэгт гарч байгаа өөрчлөлт, хандлагыг мэдрэх, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжоор хангах, дөрөвдүгээрт, улс төр-дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах тухай манай улсын бодлого, үйл ажиллагааг дэмжих, манай улсын “гео-стратеги”-ийн ач холбогдолыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226