
Манай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн Монгол Улсынхаа түүхийг бичилцэж яваа чухал хүмүүс билээ. Чухамдаа улсын түүх гэдэг цэргийн түүхэн замнал юм гэдэг. Бид түүхийн шаргал хуудсанд мөнхлөн үлдсэн түүхэн үйл явдлуудаас энэ сард тохиосныг нь түүвэрлэн авч, товчоолон хүргэж байна.
Улиран одсон он жилүүдийн ДӨРӨВДҮГЭЭР САР-д цэргийн албаны нийт дарга нарыг офицер гэж нэрлэх болсон хийгээд Монголд анхны 11 генерал цолтон төржээ. Дашрамд дурдахад, хэдхэн хоногийн дараа бид Монгол улсад генерал цол бий болсны 70 жилийн ойтой золгох болно.
Мөн хорь шахам жилийн тэртээ хаврын энэ л өдрүүдэд МУ-ын ерөнхийлөгч “Цэргийн шинэчлэлийн бодлого”-ыг баталж, 1959 оны 4 сард анхны Мотобуудлагын батальоныг байгуулж, цэргийн сонин ч “Соёмбо” нэрээ энэ сард хүртэж байсан байна. Та бүхэн цааш нь дэлгэрүүлэн сонирхоно уу.
1930.4.01 МАХН Төрийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 171 дүгээр тогтоолоор ДЯЯ-ны ансамбелийг МАХЦ-ийн дуу, танцны ансамбельтэй нэгтгэн 117 хүнтэйгээр байгуулжээ.
1957.4.02 Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит 5 дугаар тусгай морьт суманг татан буулгаж, тусгай салаа болгожээ.
1962.4.03 Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайдын 40 дүгээр тушаалаар Ардын цэргийн Ерөнхий штабын Химийн албаны даргын захиргаанд химийн лаборатори байгуулагдав.
1943.4.05 СнЗ-ийн ерөнхий сайд, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар Ардын сайн дурын морьт отрядуудын дарга нарт түмтийн, мянгатын гэсэн алдар цолыг олгожээ.
1938.4.06 МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр цэрэг татлагыг жилд нэг удаа явуулдаг болжээ.
1936.4.07 2 дугаар морьт корпусын агаарын отрядын штабын дарга, нисгэгч Д.Дэмбэрэлд “БНМАУ-ын агаарын зоригт баатар” цол олгожээ.
1957.4.08 БНМАУ, БНСЧСУ-ын хооронд “Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулав.
1921.4.09 Монголын баруун хязгаарыг тохинуулах төлөөний их түшмэл Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж нар Хиагтаас морджээ.
1921.4.10 Бүх цэргийн зөвлөлийг “Монголын бошгыг халах бүх цэргийн хурал” хэмээн нэрийдэж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, штабын дарга Эрдэнэдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулав. АТЗГ-аас цагаантны эсрэг тэмцэхийн тулд Улаан армийн ангиудыг Монгол нутагт оруулахыг Зөвлөлт Орос улсын Засгийн газраас хүсэв.
2005.4.11 АНУ-ын Тэнгисийн явган цэргийн томилгоот бүлэгтэй хамтарсан “Хааны эрэлд-2005” энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулав.
1932.4.12 Хувьсгалт улаан цэргийн бүх алба хаагчдыг шалгах төв комиссыг байгуулав.
1921.4.14 Барон Унгерн 19-45 насны буриад эрчүүдийг цэрэгт дайчлан татаж, цэргийн сургууль хийлгэх тушаал гаргажээ.
1944.4.18 БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 22 дугаар тогтоолоор МАХЦ-ийн нийт дарга нарыг офицер гэж нэрлэх болж, нийт цэргийн алба хаагчдын алдар цолыг шинэчлэн тогтоов.
1995.4.18 Монгол Улсын Төрийн нууцын тухай хууль батлагдав.
1921.4.19 Цэргийн яамны эмнэлгийн хэлтэс байгуулагдаж, анхны даргаар А.Ружицкийг томилжээ.
1924.4.21 Нийслэл Хүрээнд Цэргийн эмнэлэг /больниц/ байгуулагджээ.
1938.4.22 Батлан хамгаалах яамны сайдын 155 дугаар тушаалаар Ардын армийн сөнөөгч-бөмбөгдөгч авиацийн 1 дүгээр тусгай хороонд байлдааны туг гардуулав.
2004.4.23 Монгол Улсын Терроризмтэй тэмцэх тухай хууль батлагдав.
1997.4.24 Монгол Улсын ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичиг батлав.
1998.4.24 Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Р.Одонбаатар томилогдов.
1956.4.25 Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдаар Б.Дорж томилогдов.
2001.4.26 Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль батлагдав.
1959.4.27 БНМАУ-ын СнЗ, МАХН-ын Төв хорооны армийг өргөтгөн зохион байгуулах 170/160 тоот тогтоолоор анхны Мотобуудлагын батальоныг байгуулав.
1942.4.28 ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны тушаалаар Цэргийн ерөнхий сургуулийн дэргэд дарга нарыг бэлтгэх түр курс байгуулав.
1944.4.28 БНМАУ-ын СнЗ-ийн 52 дугаар хурлын тогтоолоор Зэвсэгт хүчин ба Аюулаас хамгаалах байгууллагын удирдах албан тушаалын 11 хүнд генерал цолыг анх олгожээ.
1997.4.30 Цэргийн сонин “Соёмбо” нэрээр хэвлэгдэж эхэлжээ.