
Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2223 жил, Их монгол улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 103 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх болон Монгол Улс, Зэвсэгт хүчнээ сурталчлах арга хэмжээг үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг алдагдуулалгүйгээр, сахилга, зохион байгуулалтын өндөр хэмжээнд 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж явууллаа.
Баяр наадмын арга хэмжээнд АБДОУХ-ний нэгдсэн командлалын дарга дэслэгч генерал Жон Андерсон, “JOHN ANDERSON” “КАИА” баазын дарга хошууч генерал Оливер Тапрест “Olivier Taprest” COMKAIA, “КАИА” баазын орлогч дарга хурандаа Дай, “Dai” “КАИА” баазын Агаарын ажиллагааны төвийн дарга хурандаа Мк Моарн “МсМоаrn”, “КАИА” баазын тэргүүн ахлагч Пенод “Penod ” зэрэг зочид төлөөлөгч нар оролцлоо.

Өглөөний 1030 цагт ахмад Б.Аваадорж захирагчтай Цэргийн багийн хүндэт харуул жагсаж, Үндэсний ахлах төлөөлөгч, Цэргийн багийн захирагч дэд хурандаа Б.Мөнх-Ирээдүйд илтгэл өгч, мэндэлснээр арга хэмжээ эхэлсэн.
Үүний дараагаар Үндэсний ахлах төлөөлөгч, Цэргийн багийн захирагч дэд хурандаа Б.Мөнх-Ирээдүй ирсэн зочид төлөөлөгчдөд талархал дэвшүүлж, өдөрлөгийн арга хэмжээг нээснийг мэдэгдэн Монгол Улсын төрийн дуулал, НАТО-ийн дуулал эгшиглэн арга хэмжээг албан ёсоор эхлүүлсэн.

Баярын арга хэмжээнд дэслэгч Б.Зоригтбаатар захирагчтай тасгийн бие бүрэлдэхүүн жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтоор үргэлжилж морин хуурын эгшиг, ардын дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.
Хүчит бөхийн барилдаан, сурын харвааны үзүүлбэр, Монгол орноо сурталчилсан зурагт самбар, Монгол орны эд зүйлсийн үзэсгэлэн, ая дууны хадган цэнхэр аялгуугаар баяр наадмын арга хэмжээнд оролцогчдод бэлэг барисан нь өндөр сэтгэгдэл төрүүллээ.

Монгол уламжлалт ёс заншилын дагуу тавгийн идээ, ууц тависан Соёл амралтын төвд зочдыг урин Монгол үндэсний хоолоор дайлж, Монгол орны тухай танилцуулга хийсний дараа “KАИА” баазын дарга үг хэлсэн. Түүний үгнээс эш татахад:
“2010 онд UNESCO-ийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн үндэсний түүх соёлын хосгүй баярынхаа үйл ажиллагааг бидэнтэй хуваалцаж, урьсанд талархал илэрхийлмээр байна. Монголын цэргийн багийн гайхалтай үзүүлэх тоглолтонд талархаж байна. Энэхүү наадмын үйл ажиллагаан бидэнд Монголын түүх соёлын талаар их зүйл сурахад маш том боломж олгож байгаад наадамд уригдсан зочдын өмнөөс баяртай байна...
.... Нисэх зурвасын аюулгүй байдал гэдэг бол хүнд эрсдэлтэй ажил бөгөөд үүнийг мэргэжлийн өндөр түвшинд хангаж байгаа та бүхэнд сэтгэл хангалуун байгаа...” гэдгийг онцлон дурдаж, цэргийн багийн хамт олонд үүргээ амжилтай гүйцэтгэж байгаад талархал илэрхийлэн амжилт хүссэн.
Цэргийн багийн болон НТЗҮСБ-ийн бие бүрэлдэхүүнээс Монгол, Орос дуу сонирхуулж, элэгсэг дотно яриа өрнүүлэн дурсгалын зураг авахуулснаар өдөрлөгийн арга хэмжээ өндөрлөсөн.


