БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны ээлжийг хүлээлцүүлсэнтэй холбогдуулан Секторын штабаас Гана улсын цагдаагийн зэвсэглэсэн салбартай хамтарсан сургалт, дадлагыг өнгөрөгч сарын 26-ны өдөр зохион байгуулж явууллаа.
Энэхүү сургалт, дадлагад тус улсын мотобуудлагын батальоноос 50 цэргийн алба хаагч хамрагдсан ба батальоны хариуцлагын бүсэд үүсэж болзошгүй цагийн байдалд ажиллах дэс дараалал, иргэдийн үймээн, түүнийг таслан зогсоох арга тактик, цэргийн цагдаагийн бүлэгт ашиглагдаж буй хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгсэл, аминд үл хүрэх зэвсэглэл, тэдгээрийг ашиглах нөхцөл, шаардлага зэргийг судалсан юм.
Сургалтын төгсгөлд Гана улсын цэргийн алба хаагчидтай хамтран иргэдийн үймээнийг таслан зогсоох сургалтыг хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэгсэл, зэвсэг, техниктэйгээр дадлагын хэлбэрээр зохион байгуулж, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүллээ.
Хошууч Ч.БАЯРЖАРГАЛ