Парианг суурингийн орон нутгийн иргэдтэй Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Рувенг засаг захиргааны бүсийн удирдлагуудтай хамтран гар бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Парианг суурингийн “Эрх чөлөөний талбай”-д зохион байгууллаа.
Тэмцээнийг үзэж сонирхохоор цугларсан орон нутгийн иргэдэд болон баг тамирчдад амжилт хүсэж II МБР-ын бүрэлдэхүүн Монголын үндэсний урлагийг сурталчлан таниулах зорилгоор морин хуурын аялгуу, хип хоп дуу, монгол бүжгээр мэндчилгээ дэвшүүлсэн.
Тэмцээний төгсгөлд Парианг суурингийн Урлаг, Спортын газрын дарга Саймон Чол Рувенг засаг захиргааны бүсийн Арвай, Дельта баазад үүрэг гүйцэтгэж буй II МБР-ын бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ уг арга хэмжээ нь UNMISS болон орон нутгийн байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах, энх тайвны бэлэг тэмдэг болсон арга хэмжээ боллоо хэмээн цохон тэмдэглэсэн. Мөн Парианг сууринд хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай нэн шаардлагатай байгааг дурдаж, II мбр-ын бүрэлдэхүүнийг орон нутгийн иргэдэд зориулж, цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт цогцолбор байгуулж өгөх тухай хүсэлт тавьсан.
II МБР-ын захирагч хошууч Ц.Баатарсүрэн арга хэмжээг хааж “Рувенг засаг захиргааны бүсийн орон нутгийн иргэдтэй хамтарсан нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээ нь Монгол улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид болон БНӨСУ-ын иргэдийг багийн спортоор дамжуулан нэг цул болгож чадсан сайхан тэмцээн боллоо гэж дүгнэж байна. Тэмцээнд оролцсон баг тамирчдад баяр хүргэж, энэхүү арга хэмжээг дэмжиж хамтран ажилласан Рувенг засаг захиргааны бүсийн удирдлага хамт олонд талархсанаа илэрхийлээд цаашдынх нь ажил, амьдралд нь амжилт хүссэн.”
Ахлах дэслэгч П.БАЯЛАГМАА