Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүн Пунсалмаагийн Очирбаттай 01 дүгээр сарын 24-ний өдөр Монгол төр, Монголын ард түмэн гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэлээ.
Уг хүндэтгэл үзүүлэх Төрийн ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний 032, 142, 120 дугаар ангиуд үүрэг гүйцэтгэж, хүндэт бараа бологчоор Тусгай хүчний цэргийн командлал, Хуурай замын цэргийн командлал, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын Ерөнхий газрын 54 хүний бүрэлдэхүүнтэй салбарууд томилогдон оролцож, хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ өдөр ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, Удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд дуут тохиогоор 12.00 цагт гашуудал илэрхийлж, нэг минутын туршид хүндэтгэл үзүүлсэн юм.