Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "DRONECON-2025" нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдаж нийт 548 тамирчин авхаалж самбаа, ур чадвараа сорьсон юм.
Түүнчлэн тэмцээн зохион байгуулагчдын зүгээс хүүхдийн чөлөөт тэмцээнийг туршилтын журмаар зохион байгуулж 12 хүртэлх насны 30 гаруй хүүхэд оролцож “Тэмүжин-Өрлөг” сургуулийн 6 дугаар ангийн сурагч Н.Энхтамир гутгаар байр, өөрөө угсрах төрөлд гутгаар байрын шагналыг ҮБХИС-ийн АБДС-ийн сонсогч “Аравт” багийн гишүүн О.Шинэбаяр, мэргэжлийн төрөлд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин П.Жавхлантөгс дэд байрт шалгарлаа. Тэмцээний шилдгүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан гардуулж нийт тамирчдад амжилт хүсэж баяр хүргэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд нэн эрчимтэй нэвтэрч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүчийг үлэмж хэмнэж байгааг тодотгоод “2023 онд барилгын салбарт 44, хөдөө аж ахуйн салбарт 38, батлан хамгаалах салбарт 28 хувиар дроны зах зээл нэмэгдсэн. Байгаль, цаг уурын харилцан адилгүй бүсчлэл бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дэвшилтэт техник, өндөр технологийг бүх салбарт өргөнөөр ашиглаж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсад өрсөлдөх чадавхтай байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын нэн чухал зорилт байх ёстой” хэмээв.