• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ VIII ДУГААР ЭЭЛЖИЙН МОТОБУУДЛАГЫН БАТАЛЬОНЫ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ОРНЫГ ЗОРИЛОО
Нийтэлсэн: 2018-09-07 14:19:02
Үзсэн: 73

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ VIII ДУГААР ЭЭЛЖИЙН МОТОБУУДЛАГЫН БАТАЛЬОНЫ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ОРНЫГ ЗОРИЛОО
Нийтэлсэн: 2018-09-07 14:19:02 Үзсэн: 73



     БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 8 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорилоо. Тэд уламжлал ёсоор цэрэг эрсийн сүлд хийморийн бэлгэдэл болсон Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцов.

   Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ “Мянга мянган жилийн баатарлаг түүхэн уламжлалтай монгол цэргийн дайчин замнал, халуун эх оронч үйл хэргийг өнөө цагт нэр төртэйгөөр залгамжилсан цэнхэр дуулгатнууд маань хүн төрөлхтний амар амгалан байдал, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа дайчлан оролцож, монгол цэргийн нэр хүндийг дэлхий дахинд дуурсган Зэвсэгт хүчнийхээ түүхийг баяжуулсаар байна.

    Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үзүүлж байгаа амжилт, мэргэжлийн ур чадвар, сахилга, зохион байгуулалтыг олон улсын хэмжээнд өндрөөр үнэлдэг нь манай энхийг сахиулагч бүрийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Эх орон, төр, ард түмэндээ өргөсөн андгай тангарагтай энхийг сахиулагч та бүхэн өмнөх ээлжийнхээ амжилтыг улам бататгаж, дэлхийн олон нийт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан тухайн орны хууль, ёс заншлыг хүндэтгэн, энхийг сахиулагчийн ёс зүй, сахилга хариуцлага, дэг журмыг чанд сахин Монгол Улсын төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас хүлээлгэсэн өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт бид бүрэн дүүрэн итгэж байна. Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх явцад Та бүхний өмнө үүсэж болох аливаа асуудлыг шийдвэрлэхэд БХЯ, ЗХЖШ-аас бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллах болно” хэмээн тодотгов.

    Ийнхүү тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор эх дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө үүрэг гүйцэтгэх эрэлхэг цэрэг дайчид маань итгэл зүтгэл, хүсэл тэмүүлэл дүүрэн дүүлэн нислээ. Цагийн байдлын амаргүй нөхцөлд эх орон, элгэн саднаасаа хол бүтэн нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг цэргийн алба хаагч болгоноос, тэдний гэр бүлээс итгэл үнэмшил, эр зориг, эх оронч сэтгэл шаардсан шийдвэр байдаг бөгөөд энэхүү үйл хэргийг хүн бүр хүндэтгэн бахархдаг билээ.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423