
Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын I дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг сайхан уламжлалын дагуу өнөөдөр ийнхүү Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Крис Ди Сикко болон ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.

Афганистан Улсад явагдсан АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа дуусгавар болж НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Цэргийн хамгаалалтын ротын I ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ хангаж ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхэд бэлэн боллоо.