АНУ-ын конгрессын гишүүн Майкл Капуэно, Лойс Капс, Брайн Хигинс тэргүүтэй төлөөлөгчид БНӨСУ-ын Бентью хотод явагдаж буй UNMISS ажиллагааны явцтай танилцав.
Айчлалын зорилго нь НҮБ-ын энх тайвны төлөөх дэлхий дахинд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээг хэрхэн зохион байгуулах зэрэг олон талын мэдээллийг АНУ-ын төрийн дээд албан тушаалтнууд болон иргэдэд олгоход чиглэгджээ. Мөн Монгол Улсын цэргийн багийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, Монгол, Гана улсын цэргийн баг, зэвсэглэсэн цагдаагийн хүчинд ашиглагдаж буй зэвсэглэл, техник хэрэгсэл, цагийн байдлын хүндэрсэн нөхцөлд ашиглагдах тусгай хамгаалалтын командын байр зэргийг үзэж сонирхлоо.
Айлчлалын үеэр Хойд секторын командлагчийн орлогч, хурандаа Адарша Верма Юнити мужид явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, цэргийн багуудын үүрэг гүйцэтгэлт, тулгамдаж буй зарим асуудлаа конгрессын гишүүдэд хүргэсэн юм. Цэргийн багийн захирагч, хурандаа Б.Баатар конгрессын гишүүдтэй Юнити мужид энхийг сахиулах ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон “АНУ-Монгол Улсын батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай өргөжин хөгжиж, АНУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд олгогдсон Форд машинууд, Харрис холбооны станцууд ажиллагааны газар оронд өдөр тутам хэрэглэгдэж, АНУ-ын IMET хөтөлбөрийн хүрээнд суралцсан олон офицер, ахлагч нар цэргийн багийн ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн, талархлаа илэрхийлэв.