Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж өнөөдөр гурван хүнд бригадын генерал цол олголоо. Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Ганзориг, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, хурандаа Ц.Сайнтөр нар өнөөдөр бригадын генерал цолоор энгэрээ мялаалаа.

Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал Д.Ганзориг: Төрийн дээд цол хүртсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Энэ бол их хувь тавилан юм. Тэр дундаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын үйл ажиллагаа хамтын хүчинд талархаж байна.

Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Амгаланбаатар: Зэвсэгт хүчний салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 114 дүгээр зарилгаар Бригадын генерал цол хүртлээ. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа гэж хэлье. Мөн эрдмийн мөр хөөлгөсөн багш нартаа баярлаж байна. Эх орны цэрэг болгосон үе үеийн захирагч дарга нар, хамт олон, найз нөхөддөө гүн их хүндэтгэл илэрхийлж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, Бригадын генерал Ч.Сайнтөр: Монгол Улсын 168 дахь генерал цолтон боллоо. Бригадын генерал гэх өндөр цол хүртсэндээ маш их баяртай байна. Хил хамгаалах байгууллагад 33 жил ажиллаж байна. Хилчин хүний нүд, чих соргог байх ёстой, аливаа зүйлийг ажиглах чанар сайтай байдаг. Нутгийн маань уул ус, аав, ээж, Монголын нийт хилчид маань баярлаж байгаа болов уу.
