Эх дэлхийн энх амгалангийн төлөө Судан улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэсэн 4 дүгээр ээлжийн бие бүрэлэдхүүнд төрийн дээд ододн медаль гардуулах ёслолын ажиллагаа зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд боллоо.
Тус арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Судан Улсын Дарфур мужид зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг дэмжих “UNAMID” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн хээрийн II шатны эмнэлгийн 68 /үүнээс 24 эмэгтэй ЦАХ/ цэргийн алба хаагчдыг 2010 оны 12 дугаар сараас оролцуулж эхлэсэн. Тус эмнэлгийн багийн гүйцэтгэх үүрэг НҮБ-ын бие бүрэлдэхүүнд эмнэлгийн үзлэг, үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Эмнэлгийн үйлчилгээнээс гадна өөрсдийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн байрны барилга, инженерийн ажлуудыг давхар гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар 68 хүний бүрэлдэхүүнтэй 5 дугаар ээлжийн бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгэж байна.
Цэргийн багийн 4 дүгээр ээлжийн цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх 9 сарын хугацаандаа үндсэн үүргийнхээ дагуу НҮБ-ийн бие бүрэлдэхүүн, цагдаагийн бүрэлдэхүүн болон орон нутгийн ард иргэдэд эмнэлгийн төрлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан бөгөөд тухайлбал нийт 4440 үзлэг, оншлогоо эмчилгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс НҮБ-ын 810, орон нутгийн 3330 иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм. Мөн 11 мэс заслын хагалгааг амжилттай хийжээ. UNAMID ажиллагааны хойд секторын бүсийн олон улсын эмнэлгийн эмч нарын хамтарсан сургалтыг анх удаа зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдол өндөртэй арга хэмжээ юм.
Анх 2010 оноос тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхлнээс хойш цэргийн багийн 4 ээлж үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийт 15,000 гаруй НҮБ-ын ажилтан албан хаагч болон цэрэг цагдаа, орон нутгийн иргэдэд эмнэлгийн төрлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн нь маш том үзүүлэлт болохыг НҮБ-аас сайшаан мэдэгдсэн юм.
Ийнхүү эх орныхоо нэрийн хуудас болж дэлхийн энх тайвны төлөө өөрсдийн бие сэтгэлээ зориулан ажиллаж үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн хос тангарагтай цэргийн эмч, эмнэлгийн ажилтан алба хаагч нарыг төр засгаас үнэлэж Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн багийн захирагч дэд хурандаа Ш.Батсайханд “Цэргийн гавьяаны одон”, цэргийн багийн захирагчийн орлогч дэд хурандаа Т.Мөнхжаргал, ахлах ахлагч М.Өлзийсайхан, ахлагч Л.Амартүвшин нарын 15 цэргийн алба хаагчийг “Африкт энхийн төлөө“ медалиар, дэслэгч Ц.Баттөр, Н.Түвшинжаргал, дэд ахлагч Д.Амгаланбаатар нарын 50 цэргийн алба хаагчийг “Энхийн төлөө” медалиар тус тус шагналаа.
Эх орон, Эр цэрэг, Тусгаар тогтнол. Эдгээр үгсүүд өөр хоорондоо нягт холбоотой, амин шүтэлцээтэй ойлголт бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энхийг сахиулагчид өөрсдийн хувь нэмрээ оруулан 12 жил болж байна. Энэ хугацаанд тив дэлхийн 3 тивийн 13 улсд үүрэг гүйцэтгэсэн 8560 гаруй энхийг сахулагчдынхаа халааг авсан Зэвсэгт хүчний цэргийн багууд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ базааж ажиллагааны газар орон Өмнөд Судан, Судан, Афганистан, Конго, Баруун сахар зэрэг улсуудад яг одоо үүрэг гүйцэтгэж байгаа юм.

