Афганистан Улс дахь НАТО-гийн цэргийн “ISAF” ажиллагаанд ХБНГУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй эргүүл хамгаалалтын ротын ахлагч О.Анхболд /Зэвсэгт хүчний 337 дугаар анги/, О.Болдбаяр / Зэвсэгт хүчний 186 дугаар анги/ нар Америкийн цэргийн алба хаагчийн амийг аварсан бахархам мэдээг дуулгаж байна. Тухайн үед буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр Афганистан Улсын Мазар-э Шариф хот болон манай багийн үүрэг гүйцэтгэж буй “Мармал” баазын байрлалд хүчтэй бороо орж их хэмжээний үер буужээ.
Энэ үед Шалган нэвтрүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан ахлагч ахлагч Д.Бямбасүрэн захирагчтай тасгийн бүрэлдэхүүн хүнд нөхцөлд үүргээ сайн гүйцэтгэж, ахлагч О.Анхболд, О.Болдбаяр нар үерт урссан америкийн цэргийн алба хаагчийг уснаас гаргаж, анхны тусламж үзүүлэн улмаар эмнэлэгт хүргэжээ. Ахлагч О.Анхболд Улаанбаатар хотын харьяат, Зэвсэгт хүчинд 2 дахь жилдээ, харин О.Болдбаяр Булган аймгийн Тэшиг сумын харьяат, Зэвсэгт хүчинд 2009 оноос алба хааж байна. Эрдэнэт хүний алтан амийг аварсан дайчдаараа бахархаж байна.
