
“UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоолоо.
“Биднээс холгүйхэн замын бутан дундаас гэнэт зэвсэгтэй этгээд гарч хүүхэдтэйгээ хамт алхаж явсан эмэгтэйг дээрэмдэхийг завдсан. Үйлдлийг таслан зогсоохоор очтол гэмт этгээд зугтаж бутан дотроос хоёр удаа гал нээсэн бөгөөд манай энхийг сахиулагчид энэ үед тухайн замаар явж байсан бусад иргэдийн аюулгүй байдалд анхаарч хамгаалалтад авсан. Орон нутгийн иргэд энэ явдлын дараа бидэнд талархсанаа илэрхийлэн баяр хүргэж байлаа” гэж дэд ахлагч Б.Баярсайхан тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.