Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Цогцолбор тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн алба, зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, бусад холбогдох албаныхан, аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, Цэргийн штабын дарга, тэмцээнд оролцогч баг тамирчид, багш дасгалжуулагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцов.
Арга хэмжээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга Я.Содбаатар тэмцээнд оролцогч сурагчдад хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг гурван үе шаттайгаар амжилттай зохион байгуулж, улсын аварга шалгаруулах төрөлд шилдэг баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан явдалд аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын цэргийн штаб, багш-дасгалжуулагч нарт талархал илэрхийлье. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон сурагчид та бүхний нүдэнд оч гялалзаж, нүүрэнд цог золбоо гэрэлтэн жавхаажиж, бие бялдар, сэтгэл зүйн хат суусан нь илхнээ харагдаж байна. Мэргэжлийн алба хаагчидтай эн зэрэгцэх эр зориг, тэсвэр хатуужилтай байж, тэмцээний талбарт нөхөрлөж, бас шударгаар өрсөлдсөн өсвөрийн дайчид та бүхнээрээ бахархаж байна.
Тэмцээнээс олж авсан цэргийн хэргийн мэдлэг, дадал, ур чадвараа үе тэнгийн найз нөхдөдөө сурталчлан таниулж, цэрэг-эх оронч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн нь өмнөө тавьсан зорилго, зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж, эх оронч үзэл сэтгэлгээтэй өсвөрийн дайчдаар хүрээгээ тэллээ” хэмээн тодотгож, тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсныг онцлов.
Үүний дараа тэмцээний Ерөнхий шүүгч, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цогцолбор тэмцээний нэгдсэн дүнг танилцууллаа.
Нэгдсэн дүнгээр Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний тэргүүн байрт Э.Өсөхбаяр тасгийн захирагч, Б.Дэлгэрмаа дасгалжуулагчтай нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасаг, дэд байрт С.Энхбаяр тасгийн захирагч, Б.Батцог дасгалжуулагчтай нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хар сүлд” тасаг, гутгаар байрт А.Ганбаяр тасгийн захирагч, Ч.Гаваа дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” тасаг, тусгай байрт З.Төгөлдөр тасгийн захирагч, Т.Ганболд дасгалжуулагчтай нийслэлийн Багануур дүүргийн “Соёмбо” тасаг, Ж.Төгсжаргал тасгийн захирагч, А.Мөнхсувд дасгалжуулагчтай нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасгийн тамирчин сурагчид бусдыгаа хошуучлан манлайллаа.
Өргөмжлөл, цом, медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нарын албаныхан аймаг, дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, тасгийн захирагч, сурагчдад тус бүр гардуулан өгч, баяр хүргэлээ.
“Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний тэргүүлэгчээр шалгарсан Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасгийн захирагч Э.Өсөхбаяр нийт сурагчдаа төлөөлөн хэлсэн үгэндээ “Дөл үнэхээр гайхамшигтай тэмцээн юм. Намайг болон манай найзуудыг эх орноо хайрлах сэтгэл, цэргийн албаар бахархах үзлээр дэвэргэж, цэнэглэсэнд баярлалаа. Энэ тэмцээнд оролцож, бүр ялалтын медалийг зүүснээрээ миний зам мөр нэгэнт тодорхой боллоо. Тэр нь цэргийн хүн болох эргэлт буцалтгүй шийдвэр юм. Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн ёслов.
Цогцолбор тэмцээний нэг төрөл болох ханын сонины уралдаанд тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн “Сүлд” тасгийн сурагч А.Мөнхтөр, Г.Мишээл, дэд байрт нийслэлийн Налайх дүүргийн “Тусгай” тасгийн сурагч Н.Нямцоож, Н.Эрдэнэ-Уянга, гутгаар байрт нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасгийн сурагч Б.Төгөлдөр, Б.Лхам-Эрдэнэ нар тэргүүлснийг энэ үед зарлаж, шагнаж урамшуулав. Сурагчдын эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монгол бахархал, өв соёлыг бийрээр дүрслэн буулгасан ханын сонинуудыг үзэгчдэд дэлгэж толилуулсанд эцэг, эхчүүд талархаж байсан юм.
Энэ үеэр үзэгчдийн талархлыг хүлээсэн шагнал хүртээсэн нь “Дөл-2022” цэрэг-спортын тэмцээнд баг тамирчдаа зөв удирдан чиглүүлж, манлайлсан зарим тасгийн захирагч нарт Үндэсний Батлан хамгаалах Их сургууль, Дотоод хэргийн Их сургуульд суралцах урилга байв. ҮБХИС-д суралцах урилгаар Өмнөговь аймгийн тасгийн захирагч Б.Энхмэнд, Сэлэнгэ аймгийн тасгийн захирагч Б.Тэмүүжин, Хэнтий аймгийн тасгийн захирагч А.Баяржавхлан нарыг, Дотоод хэргийн Их сургуульд суралцах урилгаар Булган аймгийн тасгийн захирагч Д.Базарсад, Дорноговь аймгийн тасгийн захирагч М.Анар, Төв аймгийн тасгийн захирагч Н.Даваажаргал нарыг шагнасныг ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн алба, зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг гардуулан өглөө.
Мөн Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын шагналыг баг тамирчдыг бэлтгэн оролцуулсан аймаг, нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын дарга, багш-дасгалжуулагч нарт хүртээж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Дөл-2022" цэрэг-спортын цогцолбор тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн зарим байгууллагуудын удирдлагад өргөмжлөл гардуулав.
Хаалтын ажиллагааны төгсгөлд сонс эргэлтээр 1111 эргэж гиннесийн дээд амжилт шинэчлэн тогтоосон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлагч С.Батцэнгэлд батламж гардуулах ёслол болж, Зэвсэгт хүчний 032, 014, 016, 119, 120 дугаар нэгтгэл, ангиудын авьяаслаг хөгжимчид морин дэл дээр хөгжмийн бүх төрлөөр хөгжимдөж толилуулав. Морьтон дайчдын эрэмгий чанар, эрч хүчийг харуулсан үзүүлбэр, дайчин хэмнэлт хөгжмийн уухай, зөөлөн борооны товшоо, эрмэг залуухан цэргүүдийн алхаа, морьдын хөлс, бүрээ бөмбөрийн нижигнээн, яруу алдрыг бахдан дуулсан цэрэг эрсийн дуунууд, хүлэг морины туурай дээр морин хуураар эгшиглүүлсэн аязаар “Дөл”-ийн сурагчдад бэлэг барилаа.
Ахлах дэслэгч Д.БОЛОР, гэрэл зургийг Г.БАТ-ЭРДЭНЭ