Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн буудлага, цэрэг-спортын цогцолбор зуны олон төрөлт,саадын зурвасын тэмцээний нээлт өнөөдөр буюу 5 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний Хужирбулан дахь сургалтын төвд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ЗХЖШ-ын СБГ-ын дарга бригадын генерал Г.Болор, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат тэргүүтэй хүндэт зочид, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудын удирдлагын төлөөлөл, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч нар, тамирчин дайчид оролцлоо.
Нээлтэд үеэр өнгөрсөн жилийн эл тэмцээний аваргууд болох Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах дэслэгч Б.Төвжаргал, 256 дугаар ангийн ахмад Г.Цэнд-Аюуш нар Монгол Улсын төрийн далбааг мандуулж, хүндэт зочид, тамирчид дайчдадаа хүндэтгэл үзүүллээ.
Энэ жилийн цэрэгжлийн спортын аварга шалгаруулах тэмцээнд 40 орчим нэгтгэл, анги, байгууллагын 600 гаруй офицер, ахлагч, цэргийн хугацаат болон гэрээт албаны дайчид оролцож цэрэгжлийн буудлага, цэрэг-спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвас гэсэн гурван төрөлд хурд хүч, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээ сорин өрсөлдөх юм.
Мөн уг арга хэмжээг тохиолдуулан цэрэгжлийн цол зэргийн болзол хангасан цэргийн алба хаагчдад ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ цол зэргийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.
Соёмбо сонин