Төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч шалгаруулах тэмцээн эхэллээ.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын ур чадвар, сэтгэл зүй, бие бялдрын түвшинг дээшлүүлэх, цэргийн алба хаагчдын бэлтгэлжилтийн тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 16, Хилийн цэргийн 9, Дотоодын цэргийн гурав буюу нийт 29 нэгтгэл, ангийн 60 орчим түрүүч, байлдагч нар оролцож байна.
Тэмцээнийг нээж Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр хэлсэн үгэндээ "Эрхэм түрүүч, байлдагч болон тамирчдаа дасгалжуулахаар ирсэн офицер, ахлагч нартаа баяр хүргэе. Анги, байгууллагаасаа шалгарч ирсэн эрхэм нөхдөөрөө бахархаж байна. Тэр дундаа алс холын хилийн заставаас тэмцээнийг зорин ирсэн хилчин дайчдаа онцлох учиртай. Өнөөдрийн тэмцээн бол та бүхний эзэмшвэл зохих цэргийн хэргийн эрдэм мэдлэгээ хэрхэн сурсан байна вэ гэдгийг л сорьж байгаа хэлбэр" гээд эх орныхоо эр цэрэг нь болон гялалзаж яваа дайчдыг хүссэн амжилтаа гаргахыг ерөөлөө.
Үүний дараа командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий уралдааны удирдамжийн дагуу тэмцээн явагдах дараалал, үнэлгээ дүгнэлт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, багуудын сонирхсон асуултад хариулт өгөв. Тухайлбал, тэмцээн хоёр өдөр явагдах бөгөөд эхнийх нь 5 дугаар сарын 25-ны энэ өдөр Хуурай замын цэргийн командлалыг түшиглэн явагдана.
Командлалын байранд дайчид цэргийн хэргийн мэдлэгийг шалгасан онол, сэтгэн бодох чадварыг сорьсон 100 асуулттай тестүүдийг бөглөж, үргэлжлүүлэн биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, галын бэлтгэл, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл, эмнэлгийн нормативыг гүйцэтгэнэ.
Харин маргааш буюу 5 дугаар сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Хужирбулан дахь Засвар хангалтын төвийг түшиглэн гранат шидэх, буудлага, саадын зурвас, 1000 метрт гүйх гэсэн дөрвөн төрлөөр үргэлжлэн явагдана.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий, хяналтын шүүгчээр Хилийн цэрэг, Дотоодын цэргийн зарим офицер ажиллаж байна.