• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2023-06-07 22:39:06
Үзсэн: 211

ЗХЖШ-ЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2023-06-07 22:39:06 Үзсэн: 211



    ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний 337, 350 дугаар ангид ажиллалаа. Түүнийг дагалдан ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, Бодлого, стратегийн удирдлагын газрын дарга хурандаа С.Ванчинхүү, Матeриал, техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм нарын албан тушаалтнууд ажиллав.

    ЗХЖШ-ын даргыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангид хүрэлцэн ирэхэд Хүндэт харуул жагсаж угтсаны дараа тус ангийн захирагч хурандаа Э.Батсайхан ангийн үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлт, дэвшүүлсэн зорилго зорилт, хэрэгжүүлж буй ажлууд болон тулгамдсан асуудлуудын талаар танилцуулсан юм.

    Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хувьд үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэг, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан ангийн байрлал дахь объектуудын засвар, тохижилт болон зарим бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, иж бүрэн камержуулалтын системийг шинээр суурилуулсны зэрэгцээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1500-аад модыг тарьж ургуулж байгаа аж.

    Энэ үеэр бригадын генерал С.Ганбямба тус ангид хийгдэж буй бүтээн байгуулалт, зарим барилга байгууламжтай танилцахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх хүрээнд холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж тодорхой чиглэл гаргалаа. Мөн Нисгэгчгүй нисэх хэрэгслийн төвөөр зочилж, гар сэтгэл нийлсэн залуусын өөрсдөө бүтээж байгаа дроны туршилт, судалгаа, ажлын явцтай танилцаж, тэдэнд амжилт хүслээ.

   Дараа нь тус ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, бодлого зорилт, офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тэрээр бие бүрэлдэхүүнд хандан “Өнөөдөр тус ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Ангийн цаашдын хөгжилд томоохон түлхэц болохуйц маш чухал бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг харлаа. Хүн нэг бүрийн сэтгэл зүтгэл ч мэдрэгдлээ. Ер нь офицер, ахлагч нарын өнгөтэй өөдтэй байхаас энэ ангийн цаашдын хэтийн төлөв ихээхэн шалтгаална. Цалингийн сүлжээ, зэрэглэлд өөрчлөлт орсныг та бүхэн мэдэж байгаа. Ингэснээр офицер, ахлагч нарын цалин бодитоор, мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа.

    Мөн Зэвсэгт хүчнийг улам бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд зэвсэг, техникийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаа. Бид өөрсдөө зохион бүтээж эхэлсэн. Бусад улс оронтой тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлууд ч хийгдэнэ. Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалах зүйл олон ч бид асуудлуудаа эрэмбэлээд шат дараатайгаар шийдэхийг зорин ажиллаж байна. Бид "Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлнэ" гэж хуулиндаа тусгасан. Үүний тулд хүн бүр мэдлэг чадвар, үүрэг гүйцэтгэх боломжоо нэмэгдүүлэх нь чухал. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын офицер, ахлагч нарын ёс зүй, бие бялдрын түвшинг тогтоох үзлэг"-ийг бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулж байгаа. Нэгдсэн зохион байгуулалтаар дадлага сургуулилт хийхээс илүүтэй хувь чөлөөт цагаа ашиглаад өөрийгөө хөгжүүлж, дайчлах хэрэгтэй. Ангийн удирдлагууд энэ боломжийг нь олгоно гэдэгт итгэлтэй байна. Салбарын удирдлагын зүгээс Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, дэмжиж байгаа.

    Өнөөдөр манай салбарын офицер, ахлагч нарын хувьд гадаадын олон улс оронд боловсрол эзэмшиж байна. Бидэнд сурч хөгжих боломж их бий. Харьцангуй залуугаараа тэтгэвэрт гардаг. Дараа нь өөр талбарт ч ажиллаж болно. Зэвсэгт хүчин маш олон давуу талыг олгож байна. Үүний зэрэгцээ тангараг өргөсөн бид дор бүрнээ хариуцлагатай байх шаардлагатай. Зэвсэгт хүчний ирэх зууны хөгжил бид бүхнээс ихээхэн шалтгаална. Хандлага, ёс зүйгээрээ манлайлья. Бид нийгмийн манлайлагч, толь нь байх учиртай” гэдгийн онцлоод нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэв.

   Үүний дараа ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ажилласан юм. Энэ үеэр тус ангийн захирагч дэд хурандаа Б.Ууганбаяр ангийн үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдал, хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.

   Үргэлжлүүлэн албаны бүрэлдэхүүн Дайчин алдрын танхим, спорт заал, Эрүүл мэндийн төв болон бусад объектуудаар орж, тус ангийн үйл ажиллагаатай танилцав.  Төгсгөлд нь тус ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446