• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХААНЫ ЭРЭЛД” ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-06-19 19:11:39
Үзсэн: 218

“ХААНЫ ЭРЭЛД” ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-06-19 19:11:39 Үзсэн: 218



    Монгол Улсын Зэвсэгт хүчин, Америкийн Нэгдсэн Улсын Номхон далай дахь Хуурай замын командлал хамтран жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 19-ний өдөр эхэллээ.

   Энэ жилийн сургуульд дэлхийн 26 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Оролцогч орнууд уг олон улсын сургуулиар команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалтад тус тус хамрагдана. Энэхүү сургуульд Бүгд Найрамдах Лаос Ард Улсын цэргийн алба хаагчид анх удаагаа оролцож байгаа юм.

   Энэхүү олон улсын сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаанд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтэд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн орлогч, хошууч генерал Крис Смит болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, цэргийн атташе нар оролцлоо.

    Энэ жил “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны  сургуулийг зохион байгуулж эхэлсний 20 жил, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг илгээж Ирак болон Афганистаны дайны дараах сэргээн босголт, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулсны 20 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой.

    Энэхүү олон улсын сургууль нь анх 2003 онд хоёр талын хамтарсан энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хэлбэрээр эхэлж байсан бол 2006 оноос “Даян дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль болж өргөжин өдгөө Ази-Номхон далайн бүс нутагт энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр зохиогдож буй томоохон сургууль болоод байна.

    Энхийг эрхэмлэсэн манай улсын гадаад бодлогод “Хааны эрэлд” олон улсын сургууль нь томоохон байр суурийг эзэлж, эвийн хүч, найрсаг харилцаа, дипломат аргаар энх тайвныг сахин хамгаалах дуу хоолойгоо даян дэлхийд түгээхийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, манай улсын цэргийн алба хаагчдын төдийгүй дэлхийн олон орны энхийг сахиулагчдын мэдлэг, ур чадвар, дадлага, туршлагыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

   Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2002 оноос хойш 21,000 гаруй цэргийн алба хаагчдаа дэлхийн 3 тивд энхийг дэмжих 20 ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа нь энэхүү “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулиас олж авсан мэдлэг, дадлага, туршлагын бодит үр дүн юм.

                                                                                                                                               Хошууч Э.ГАНБАЯР

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446