Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн Цэргийн гал тогооны шинэ барилгын нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Нээлтийн ёслолд Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Б.Батсуурь, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Цэргийн штабын дарга хурандаа Г.Нэмэхбаяр, хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Сарангарав, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр морин хуурын “Морьтон монгол” аялгуу эгшиглүүлж, хүндэт зочид мэндчилгээ дэвшүүлсэн юм. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат баяр хүргэж хэлсэн үгэндээ Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь Баянхонгор аймгийн барилга бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлоод хугацаат цэргийн алба хаагчдын хооллох орчин нөхцөлийг сайжруулж, орчин үеийн стандарт шаардлагыг хангасан цэргийн гал тогоог барьж гүйцэтгэсэн барилгачин дайчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Дэслэгч М.АНХЖАРГАЛ