Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 10 дугаар сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн “Мод үржүүлгийн төв”-д ажиллалаа. Тэрээр “Мод тарих үндэсний өдөр” тохиож буйтай холбогдуулан тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, тариалалт, ургацын явцыг үзэж сонирхохын зэрэгцээ гардан зохион байгуулж буй бүрэлдэхүүнд талархал дэвшүүлсэн юм.
Дэд сайд Б.Баярмагнай “Гуравхан жилийн өмнө энэ хэсэгт Зэвсэгт хүчний мод үржүүлгийн төв байгуулах, газрын асуудлыг хэрхэх тухай ярилцаж байсан бол өнөөдөр ажил хэрэг болчихсон, орчны тохижилт, бүтээн байгуулалт өрнөсөн сайхан орчин болсон байна. Анхлан санаачилж хэрэгжүүлж байсны хувьд сэтгэгдэл өндөр байна” хэмээгээд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнийг мод тарихад нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэх томоохон сургалтын бааз суурь болох боломж байгааг онцолж байв.
Мөн Зэвсэгт хүчний алба хаагчид чөлөөт цагаараа гэр бүлээрээ ирдэг цэвэр агаартай цэцэрлэгт орчин болгох талаас нь анхаарч ажиллахыг Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалд захиж байсан юм.
Төгсгөлд нь дэд сайд Б.Баярмагнай Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа экологич болох хүсэл мөрөөдлөө давхар биелүүлж, "Мод үржүүлгийн төв"-ийн тариалалтын эзэд болж чадсан байлдагч Д.Цогтгэрэл, Э.Гансүх, Э.Дондог нарт талархал дэвшүүлж, удахгүй халагдах ч мэргэжлийн экологичоос дутахгүй болж бэлтгэгдсэн дайчдад Зэвсэгт хүчний үүд хаалга үргэлж нээлттэй гэв. Тэд ч дэд сайдын урилгад баярласнаа илэрхийлж, Зэвсэгт хүчинд эргэн ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилж, цэргийн алба амьдралын том сургууль болохыг мэдэрснээ хуваалцсан юм.