Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний бахархал” төслийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн удирдлага, хамт олон Орхон аймаг дахь Монгол Цэргийн Нэгдсэн холбоо болон зарим төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүллээ.
Энэхүү өдөрлөгөөр Орхон аймгийн Ерөнхий боловсролын III, XV, XVI, XVII сургуулийн багш, ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 200 гаруй хүнд цэргийн албаны онцлог, дайчин замнал түүх, 18 нас хүрсэн эр хүн бүр хугацаат цэргийн албаа хаах үндсэн үүргийн тухай мэдээлэл өгч, БНМАУ-ын баатар Г.Дэмид жанжны гэрэлт хөшөө, “Дайчин алдар”-ын тасалгаа, сургалт, дадлагын хотхоныг танилцууллаа. Мөн энэ үеэр буудлагын зэвсгийн үзэсгэлэн, гардан тулааны үзүүлэх тоглолтыг өргөн барьсан нь сурагчдын талархлыг хүлээсэн юм.
Мөн тус ангийнхан Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран "Ажлын байрандаа эерэг соёл түгээцгээе" бүлгийн сургалтыг зохион байгуулж явууллаа. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын арга зүйч Ц.Уянга, Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн Э.Соёл-Эрдэнэ нар сургалтыг хоёр бүлгээр зохион байгуулж өөрийнхөө ялгаатай байдлаа таних, хамт олны эерэг уур амьсгал бий болгох магтаалын хүч зэрэг дасгалуудыг бүлгээр гүйцэтгүүлж, хамт олны эерэг дулаан уур амьсгал ажлын бүтээмжид хамгийн чухал байдгийг онцоллоо.