Хуралд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайдын хэвлэлийн төлөөлөгч Н.Ангараг болон тус редакцын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэ үеэр “Соёмбо” редакцын дарга дэд хурандаа С.Ууганбаяр тус редакцын 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулсан юм. Тухайлбал, уран бүтээлийн чанарыг дээшлүүлэх, мэдээлэл сурвалжилга, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, сошиал хөгжүүлэлт, хандалтыг нэмэгдүүлэх болон шинээр санаачилж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг тайлагнасан. “Соёмбо” редакц ирэх онд тохиох “Соёмбо” сонины 100 жилийн ойг угтан БХЯ, ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, харьяа байгууллагуудын дунд “Спортоор тэргүүлэгч хамт олон” спортын цогцолбор тэмцээнийг зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бидний бахархал” төслийн хүрээнд “Тусгаар тогтнолын үнэ цэн”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” зэрэг томоохон контентуудыг бэлтгэж олны хүртээл болгосон байна. Мөн долоо хоног бүрийн сонины дугаар “Дуулга” студийн “Эх орны төлөө” нэвтрүүлгээс гадна өдөр тутмын цахим болон телевизийн мэдээг бэлтгэхийн сацуу медиа сувгийн эрэлт хэрэгцээнд үндэслэн мэдээлэл түгээх сувгуудыг олшруулах чиглэлээр тодорхой ажил эхлүүлж, тухай бүрт үр дүнг нь тооцон ажиллаж байна.
Түүнчлэн бие бүрэлдэхүүний нөхөн хангалт, боловсон хүчнийг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан гадаад хэл, хувь хүний хөгжлийн сургалтууд, засвар тохижилтын ажлууд, архивын өрөөний камержуулалт, үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлсэн техник хэрэгсэл болон тус редакцаас Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжүүлж буй “Мини камер” төслийн талаар танилцууллаа. Энэхүү "Мини камер" төсөл бүрэн хэрэгжсэнээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээллийн чанар, хүртээмж сайжрах, давтамж нэмэгдэх ач холбогдолтой юм.
Цаашид “Соёмбо” редакц нь хүний хөгжлийн орчин болон хөгжиж, уран бүтээлийн чанарыг дээшлүүлэн салбарын үйл ажиллагааг нийгэмд хүргэх мэдээллийг олон талт, шинэлэг, дэвшилтэт аргаар нэвтрүүлэхэд бодлогоо чиглүүлж ажиллана гэдгийг редакцын удирдлагууд онцолсон юм.
Төгсгөлд нь бригадын генерал Ж.Болдбаатар редакцын бие бүрэлдэхүүнд хандан үүрэг чиглэл өглөө. Тэрээр “Соёмбо” редакцын үйл ажиллагаа жилээс жилд төгөлдөржиж байгаа. Сүүлийн гурван жилд олон өөрчлөлт хийгдсэн гэдгийг бид бүхэн мэднэ. Олон талын шинэлэг, дэвшилтэт шилжилт хийгдсэн. Батлан хамгаалах салбарын удирдлагаас тус редакцыг дэмжихэд онцгой анхаарч байгаа. Ирэх онд тохиох Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 болон Монгол генералын өдрийн 80 жилийн ойд үйл ажиллагаагаа чиглүүлэх нь чухал. Мөн зорилго, зорилтоо нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлагатай уялдуулж, нийгмийн сэтгэл зүйг сайтар анзаарч, салбарын бодлого, үйл ажиллагааг илүү ил тод харуулах, цаг үеийн байдалд соргог байх, тал бүрээр сурч хөгжихийг захив.