Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Тэгвэл БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүн Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор "Цагаан туузтан" аянд нэгдлээ.
Аяны хүрээнд БНӨСУ-ын Бентью суурин дах Юнити секторын иргэн-цэргийн харилцаа хариуцсан мэргэжилтэн дэслэгч Витита Кумжамнуан Монгол Улсын Зэвсэгт хүчний "Хубилай" баазад хүрэлцэн ирж "Бэлгийн мөлжлөг, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл" сэдвээр яриа таниулга хийж төгсгөлд нь цэргийн алба хаагчидтай нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны цэргийн алба хаагчид аяны хугацаанд 16 хоногийн турш энгэртээ "Цагаан тууз"-ыг зүүсэн юм. Энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугуй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч буйг илтгэж буй хэлбэр билээ.