ЭМГЭНЭЛ
ЧУЛУУНХҮҮГИЙН БАТХУЯГ
(1951-2024)
Бидний эрхэм дотны хүмүүн, ахмад дайчин, чөлөөнд байсан хошууч Чулуунхүүгийн Батхуяг 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз, их уй гашуу тохиолоо.
Ч.Батхуяг нь 1951 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 1959-1969 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 15, 18 дугаар сургуульд суралцаж 10 дугаар ангийг төгссөн.
1969 оноос Улаанбаатар хотын Техник туслалцааны барилга трестийн цахилгаанчны курсийг төгсөж, тус трестэд цахилгаанчнаар ажиллаж байсан.
1972 онд сайн дураараа цэргийн албанд татагдаж Ардын Армийн 119 дүгээр ангид цэргийн алба хааж эхэлсэн ба 1972-1976 онд ЗХУ-ын (хуучнаар) Караснодар хотын Цэргийн нисэхийн сургуульд суралцаж, Амдан сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны нисгэгч мэргэжлийг эзэмшсэн.
Чөлөөнд байсан хошууч Ч.Батхуяг нь 1976-1990 онд Ардын Армийн 137 дугаар ангид сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны нисгэгч, ахлах нисгэгч, шүхэр десантын албаны дарга, онгоцны ойрын зайн удирдагч, 1990-1996 онд тус ангийн нислэгийн удирдагчаар томилогдон үр бүтээлтэй ажилласан.
Тэр бээр нислэгийн ур чадварыг маш сайн эзэмшсэн, манай улсын сөнөөгч, бөмбөгдөгч, дуунаас хурдан онгоцны анхны 11 нисгэгчийн нэг бөгөөд сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны нисгэгч, ахлах нисгэгчээр ажиллах хугацаандаа 600 гаруй цагийн нислэгийг ямар нэг осол, зөрчилгүй үйлдсэний зэрэгцээ шүхэр десантын албаныхаа бага мэргэжилтнүүдийг бэлтгэх, дадлагажуулах чиглэлээр бусдыгаа манлайлан ажилласан чадварлаг удирдагч байлаа.
Тэрээр төр, засаг, цэргийн командлалаас хүлээлгэсэн үүрэг, даалгаврыг үлгэр жишээ биелүүлэхийн төлөө өөрийн мэдлэг, ур чадварыг дайчлан ажиллаж, хариуцсан анги, экипажийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангахын төлөө ухамсарт амьдрал, бүтээлч хөдөлмөрөө зориулсан шилдэг, тэргүүний офицерын нэг байсныг бид ямагт хүндэтгэж ирсэн билээ.
Түүний цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Байлдааны медаль, Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний ойн медалиуд, БХЯ-ны хүндэт тэмдэг, “Дайчин алдар-I” медаль хүртээж, ОХУ-ын медалиудаар шагнажээ.
Талийгаачийн инээмсэглэл тодорсон гэгээн дүр төрх, бусдад үлгэр дуурайлал болсон эгэл даруу, алиа хошин, нөхөрсөг, ажилч хичээнгүй, шулуун шударга, тус өгөөмөр, хүнлэг, энэрэнгүй, хамтач зан чанар, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх, тэдэнд цэргийн тусгай, нарийн мэргэжил, дадлага, туршлагаа өвлүүлэхийн төлөө зүтгэсэн олон жилийн бүтээлч үйл ажиллагаа нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ,
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ,
337 ДУГААР АНГИЙН УДИРДЛАГА, НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН,
БХЯ, ЗХЖШ-ЫН АХМАДЫН ХОРОО