Өнөөдөр буюу энэ сарын нэгний өдөр Батлан хамгаалах яамны “Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв”-д Зэвсэгт хүчний Жанжин штабаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчид, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулав.
Монгол түмний уламжлалт их баяр-сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй уг ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Ц.Бямбажав нарын эрхэм генерал, гавьяат цолтнууд, ахмад дайчид, ахмадууд оролцлоо.
Уг ёслол, хүндэтгэлийн ажиллагааг ЗХЖШ-ын Ахмадын хорооны дарга чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам нээж үг хэлсний дараа Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба нар мэндчилгээ дэвшүүлж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хийсний зэрэгцээ тэдэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Энэ үеэр 80, 70, 60 насны тэгш ой тохиож буй ахмадууд болон шинэхэн гавьяатууддаа хүндэтгэл үзүүлж, 81-ээс дээш насны ахмадуудад үндэсний үйлдвэрлэгч “Суман гүн” компанийн үйлдвэрлэсэн хэвийн боовыг гардуулсан юм.
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын дэмжлэг, санаачилгаар шинэхэн ашиглалтад орсон Батлан хамгаалах яамны “Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв”-д зохион байгуулж буй анхны томоохон ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд оролцсон ахмад дайчид, ахмадуудын маань сэтгэгдэл маш өндөр байсан юм.
Эдгээр хүндэт зочид болон ахмадууддаа уламжлал ёсоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, өөрсдийн шинэ уран бүтээлийн дээжсээс толилуулсан нь бахдам байлаа.