Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн албаны эрх зүйн орчныг сайжруулах, ар гэр, нийгмийн хамгааллыг дэмжих, урам зоригийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, соёл олон нийтийн цогц ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтыг өнөөдөр (2024.03.06) Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү чуулга уулзалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Төрлийн цэргийн командлагч, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга нар, бусад албаныхан болон дээрх байгууллагуудын 500 эмэгтэй ахлагч оролцож байгаа юм.
Чуулга уулзалтыг нээж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үг хэлсэн ба дараа нь Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд чуулга уулзалтад оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн юм. Үүний дараа хэлэлцүүлгүүд өрнөж байна. Мөн хөтөлбөрийн дагуу хүндэт зочид энэхүү чуулга уулзалтад оролцож үг хэлэхээр төлөвлөсөн болно. Сүүлийн жилүүдэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллах эмэгтэй алба хаагчдын тоо нэмэгдэж байгаа нь олон улсын жишиг, орчин үеийн шаардлагад нийцсэн үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлага, жендерийн тухай ойлголт, үзэл санаа батжиж байгаатай холбоотой юм.
Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хааж байгаа эмэгтэй ахлагч нарын эзлэх хувийг дараах байдлаар авч үзнэ. Тухайлбал, Зэвсэгт хүчний ахлагчийн албаны бүрэлдэхүүний 16, Хилийн цэргийн 25.4, Онцгой байдлын албаны 15, Цагдаагийн байгууллагын 9, Дотоодын цэргийн 0.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 31, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 38.8, Төрийн тусгай албаны 7.9, Дотоод хэргийн их сургуулийн 47 хувь нь эмэгтэй ахлагч нар байна. Иймд эмэгтэй ахлагч нарын манлайллыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чуулга уулзалтын онцлог, ач холбогдол оршиж байгаа юм.