Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн 41 сурагч танхимын бус сургалтаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулж буй "Цэргийн алба-бидний бахархал" сэдэвт энэхүү сургалтад хамрагдаж буй сурагч А.Энх-Энэрэлийн сэтгэгдлийг нь сонсоход, “Анх энэхүү цэргийн ангид орж ирсэн агшнаас өдийг хүртэл сэтгэгдэл маш өндөр байна. Цэргийн хувцастай бие бүрэлдэхүүнийг хараад тэднээр бахархах, ажил мэргэжлээр нь омогших сэтгэгдэл төрсөн.
Энэхүү ангийн алба хаагчид маань биднийг маш эелдэг, найрсаг уур амьгалтайгаар угтан авч анги, салбаруудынхаа үйл ажиллагааг танилцуулсан. Тэд үнэхээр бахдам түүхтэй олон арван бүтээн байгуулалтыг сүндэрлүүлсний зэрэгцээ эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалах үйл хэрэгт амжилт оролцож байгааг мэдэрлээ. Миний бие элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч ҮБХИС-д элсэн орох хүсэл эрмэлзэл төрсөн ба цаашид Зэвсэгт хүчний жагсаалд цэргийн алба хаагч болох мөрөөдлийг минь хөглөж өглөө” хэмээн түүний сэтгэгдэл маш өндөр байлаа.