“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулган”-ыг зохион байгуулах Зэвсэгт хүчний дэд ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг өнөөдөр (2024.02.26) зохион байгуулав. Хуралдааныг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, дэд ажлын хэсгийн дарга хурандаа Т.Галбадрах удирдав. Хуралдааны эхэнд ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийв.
Дараа нь ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын тасгийн дарга дэд хурандаа Ч.Мөнхтүшиг Зэвсэгт хүчний шилдэг ахлагч, тоот шалгаруулах уралдааны удирдамж, Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ чуулга уулзалтад оролцох эмэгтэй ахлагч нарын өмсөх дүрэмт хувцас, урлагийн нэгдсэн тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр төрлийн цэргийн командлал, удирдах газрын штабын дарга нар чуулганыг угтаж, хэрэгжүүлж буй ажил, цаашид зохион байгуулах ажлын талаар харилцан мэдээлэл солилцов.
Хуралдааны төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, дэд ажлын хэсгийн дарга хурандаа Т.Галбадрах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулган”-ыг угтаж зохиох ажлыг эрчимжүүлэх, төлөвлөгдсөн ажлуудыг бүрэн хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоог хангах, мэдээллээ тогтмол солилцох, эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтын зохион байгуулалтад онцгой анхаарах, оролцоог хангах талаар үүрэг, чиглэл өглөө.