Дэлхийн номын өдрийг угтан Зэвсэгт хүчний Жанжин штабаас "Аз хур" болон "М нэмэх" компаниудтай хамтран "Номтой нөхөрлөе" номын өдөрлөгийг алба хаагчдынхаа дунд зохион байгуулж байна. Энэхүү номын өдөрлөгийг зорин ирсэн алба хаагчид “Аз хур” компаний “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бүх төрлийн номыг 20 хувийн хямдралтай үнээр худалдан авч, АХА асуулт хариултын тэмцээнээр мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн бол 10 мянга гаруй контент үйлчилгээг багтаасан баялаг оюуны сан хөмрөгтэй “М нэмэх” ХХК-ийн Mbook аппликейшны хэрэглэгчид болж, цаг завгүй хурдацтай хөгжин дэвшиж байгаа нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлж, хаа байгаа газраасаа хүссэн үедээ оюуны хэрэгцээгээ хангах боломжтой боллоо.
Мөн ЗХЖШ болон Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлалынхны дунд долоо хоногийн хугацаатай зохион байгуулсан “Нэг алба хаагч-Нэг ном” аяны үр дүнд цугларсан 150 гаруй номыг өдөрлөгийн үеэр дэлгэн тавьсныг оролцогчид ихэд сонирхож байв. Энэхүү аяны талаар ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн номын санч Б.Сарантуяа “Номын сандаа ийм өгөөжтэй хөрөнгө оруулалт хийсэн алба хаагчдадаа маш их баярлалаа. ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, I орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах нарын удирдлагууд тэргүүлэн энэхүү аянд идэвхтэй оролцсоноор номын сан маань цэрэг улс төр, утга уран зохиол, хүний хөгжлийн болон сонгодог бүтээлүүдээр баяжлаа. Мөн манай номын сан ҮБХИС-иа түшиглээд цахим номын үйлчилгээг хэрэгжүүлж эхлээд байна” гэсэн юм.
Ахмад, дунд үеийнхэн цаасан ном их сонирхдог бол сүүлийн үеийн залуучууд цахим хэрэглээг түлхүү ашиглаж байгаа учир учир аль алиных нь хүсэл сонирхолд нийцүүлэн цаасан ном, цахим үйлчилгээ эрхлэгч хоёр төлөөллийг урин оролцуулсан нь энэ удаагийн “Номтой нөхөрлөе” өдөрлөгийн онцлог ажээ.
"М нэмэх" ХХК-ийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал Т.Мөнхгэрэл “Манай компанийг олон нийт Mplus гэдэг нэрээр маань илүү сайн мэдэх байх. Бид өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлж, үйлчилгээг олон нийтэд улам хүртээмжтэй болгох зорилгоор Mbook, Mmusic, Mkaraoke зэрэг цахим үйлчилгээг хүргэж эхлээд байна. Бид анх удаа батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж байна. Алба хаагчдынхаа оюуны хөгжлийн дэмжсэн ийм оюунлаг үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь таалагдаж, шинэ аппликейшнаа танилцуулахаар ирлээ. Манай Mbook-д цахим болон аудиогоор уншиж, сонсох боломжтой 3000 гаруй ном багтсан байгаа” гэлээ.
Энэхүү цахим номын үйлчилгээнд манай ҮБХИС, БХЭШХ-ийн судлаач, эрдэмтэд ч бүтээлүүдээ байршуулж болох бөгөөд ингэснээр ном бүтээлээ олон нийтэд түгээн, таниулан сурталчлахаас гадна нийт орлогынхоо 70 хувийг зохиогч авдаг үйлчилгээнийх нь журмын дагуу нэмэлт орлого болгон ашиглах боломжтой ажээ.
"Аз хур" ХХК-ийн Маркетингийн албаны PR менежер Б.Цолмон “Бид ЗХЖШ-тай хоёр дахь жилдээ энэхүү өдөрлөгийг амжилттай зохион байгуулж байна. Өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд залуу үеийн төлөөлөл болж “Оюутан цэргүүд” маань түлхүү оролцож байсан. Энэ жил удирлага, офицер ахлагчид өргөнөөр оролцож байна. 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монголын хамгийн том дөрвөн давхар номын дэлгүүр бүхий манай компани дөрвөн салбар дэлгүүр болон Book.mn цахим худалдаа, Бренд бүтээгдэхүүн үйлчилгээ, "Болор судар" хэвлэлийн газраараа дамжуулан үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ ташрамд, бидэнтэй хамтран ажиллах Зэвсэгт хүчний анги байгууллага байвал бид маш олон төрлийн номын худалдаа, хүний хөгжлийн сонирхолтой хөтөлбөр, хөгжөөнт тэмцээн гэсэн арга хэмжээнүүдтэй хүрэлцэн очих болно” гэснийг дуулгая.