• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСГАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛИАР ТӨРЛИЙН ЦЭРГҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШАТ АХИУЛАВ
Нийтэлсэн: 2024-04-10 16:51:14
Үзсэн: 164

ТУСГАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛИАР ТӨРЛИЙН ЦЭРГҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШАТ АХИУЛАВ
Нийтэлсэн: 2024-04-10 16:51:14 Үзсэн: 164



    Зэвсэгт хүчний Агаарын цэрэг нь улсын агаарын орон зайд хяналт тавих, хамгаалах, онц чухал объектыг халхлах үүрэгтэй. Түүнчлэн гадаад улсад болон дотооддоо бэлтгэгдсэн боловсон хүчнүүд Агаарын цэргийн зэвсэглэл, техник дээр ажиллаж, байнгын дадлага, туршлага хуримтлуулснаар мэргэжлийн ур чадвараа ахиулж, бэлэн байдлыг хангадаг онцлогтой.

    Энэ сарын 8, 9-ний өдөр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн тусгай тактикийн хээрийн сургууль амжилттай зохион байгуулагдлаа. Сургуулийн хаалтын ажиллагаанд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга хурандаа Б.Мөнхбаяр, Агаарын цэргийн штабын дарга хурандаа Ө.Энхзоргол, нэгтгэл, анги, салбаруудын захирагч болон Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа 111 дүгээр ангийн захирагч хурандаа Т.Мөнхдорж оролцлоо.

    Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн зохион байгуулагдсан тус сургуульд Хуурай замын цэрэг, Тусгай хүчний цэрэг болон Онцгой байдлын Ерөнхий газрын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн бүрэлдэхүүн оролцож, төрлийн цэргийн командлалуудын үйл ажиллагааг нэгтгэж, цаашлаад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаснаараа онцлог байсныг хурандаа Т.Ганбат энэ үеэр хэллээ. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчид энэхүү сургуульд өөрсдийн үүрэг оролцоо, идэвх зүтгэл өндөр болохыг батлан харуулсан, цэргийн мэргэжил эзэмшсэнийхээ хэргийг гаргасан бахархал, дурсамж дүүрэн сургууль боллоо.

    Энэ үеэр орчин үеийн дэвшилтэт технологи болох дроноор тэсрэх бөмбөг хаях, эмнэлгийн тусламж хүргэх зэрэг ажиллагааг амжилттай туршсанаас гадна 1991 оноос хойш анх удаа сөнөөгч онгоц оролцсонд Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн сэтгэл хангалуун байв.

    Бригадын генерал Ж.Өсөхбаяр “Энэхүү сургуулиар шинэ технологи, арга, ажиллагаануудыг туршсан нь цаашид ч үр дүнгээ өгөх боломжтой гэдэг нь харагдаж байна. Сургуулиар төрөл мэргэжлийн цэргийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажил, чухал асуудлууд хөндөгдлөө. Хуурай замын болон Тусгай хүчний цэрэг, Онцгой байдлын байгууллага үүрэг, оролцоогоо сайн хангаж, идэвхтэй оролцлоо. Төрлийн цэргүүд цаашдаа хамтарч, нэгдсэн хэлбэрээр сургалт дадлагыг зохион байгуулж хэвших нь зүйтэй. Үндсэндээ сургуулийн жилийн хоёрдугаар үед явагдах олон улсын болон бусад хамтарсан сургуулиудын урьдач нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт дадлага боллоо гэж дүгнэж байна. Сургуульд амжилттай оролцсон нийт бие бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, өндөр амжилт хүсье” хэмээв.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74677
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69612
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50453