Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллах үеэр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, туурвилыг түгээн дэлгэрүүлэхийг үүрэг, чиглэл болгосон. Үүний дагуу тус хүрээлэнгээс эрдэм судлалын ажлыг сурталчилж эхэллээ. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газартай хамтран Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын туурвисан нэг сэдэвт болон хамтын бүтээл, туршилт, судалгаагаар баталгаажсан биет бүтээлүүд, хэрэгжүүлсэн суурь болон хавсарга судалгааны ажлуудаас бүрдсэн үзэсгэлэн дэлгэлээ.
Энэ үеэр Батлан хамгаалах, аюулгүй байдал, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил, гаргасан ололт, амжилтын талаар Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал товч танилцууллаа. Мөн тус хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, ахмад судлаачид “Офицер, ахлагч нарын хөгжлийн асуудлууд”, “Орчин үе-эх оронч үзэл”, “Халхын голын дайны судалгааны хөгжил өнөө үед”, “Удирдлагын манлайлал” зэрэг сэдвээр лекц уншиж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагаасаа хуваалцлаа.
Төгсгөлд нь Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага, нийт эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажил үйлсэд нь амжилт хүслээ.