НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагааны хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субраманианы тушаалаар БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн Юнити сектор, Бентью хотоос, Баруун секторын Вау хотын чиглэлд 1000 орчим километрийн хангалтын цувааны хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ.
Цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүний гол зорилго нь Юнити мужид үүрэг гүйцэтгэж буй цэргийн багууд, НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, үндсэн үүрэг гүйцэтгэлтийг хэвийн явуулах шатахуун, барилга-инженерийн материал, хүнсний хангалтыг ачсан цувааны аюулгүй байдлыг ханган Бентью хотод авчрах байсан юм. Тэгвэл тус цувааг ахалж хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн цэргийн багийн ажиллагааны ахлах офицер дэд хурандаа Х.УУГАНБААТАРААС зарим зүйлсийг тодрууллаа.
1000 орчим километрийн хангалтын цувааны хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол урьд өмнөх цэргийн багуудад байсан уу?
-Миний санаж байгаагаар өмнөх цэргийн багууд Жуба хотоос цэргийн багийн шинэ техникээ татан авч байснаас энэ удаагийнх шиг өөрийн хариуцлагын бүсээс гарч хангалтын цувааны хамгаалалтыг зохион байгуулж байсан тохиолдол тэр болгон байдаггүй. Урьд нь тус хангалтыг БНӨСУ-ын орон нутгийн гэрээт компаниуд өөрсдөө хариуцаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хариуцлагын бүс Абьемном аймагт тээвэрлэн ирдэг байсан. Товчхондоо өмнө нь тус хангалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчин өөрсдийн хариуцлагын бүс дотроо хүлээн авдаг байсан учир эрсдэл харьцангуй бага, цувааны хамгаалалтыг хариуцан туулах зам ч богино байсан гэсэн үг.
Өмнө нь харуул, хамгаалалтаа өөрсдөө зохион байгуулдаг байсан тус компаниуд НҮБ-ын цэргүүдээр хамгаалуулах болсон нь ямар учиртай вэ?
-Улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэйгээр хойшлуулсаар байсан БНӨСУ- ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 12 сард болох төлөвтэй байгаа. Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр, Өмнөд Суданд суугаа НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Николас Хэйсом нар 3 дугаар сарын 22-ны өдөр нийслэл Жуба хотод уулзаж, 12 дугаар сард болох бүх нийтийн сонгуулийн талаар хэлэлцсэн. Уг хэлэлцээрээр талууд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг төлөвлөгөөт хугацаанд явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Засгийн газрын эсрэг хүчнээс сонгуулийг явуулах таатай нөхцөл бүрдээгүй, энхийн гэрээнд тусгагдсан заалтууд бүрэн хэрэгжээгүй гэдэг шалтгаанаар “бойкот” хийхээ мэдэгдсэн. Сүүлийн үеийн тагнуулын мэдээгээр Засгийн газрын эсрэг хүчний томоохон албан тушаалтнууд, цэргийн хүчний удирдлагууд удаан хугацаанд үргэлжилж буй энэхүү тэмцлээс залхаж, улс эх орноо хөгжүүлэх бодлогыг баримталж буй Засгийн газрын талд урваж байгаа. Энэ нь нэг талдаа сайн хэрэг ч нөгөөтэйгөөр сонгуулийг болиулах гэсэн Засгийн газрын эсрэг хүчний бодлогыг улам бүр идэвхжүүлж байна. Тухайлбал, Засгийн газрын эсрэг хүчин НҮБ болон Засгийн газрын хүчний хараа хяналт сул хилийн дагуух бүс нутгийн иргэдийг цэрэгт элсүүлэх замаар хүчээ нэмэгдүүлж, өдөөн хатгалга хийж, жижиг хэмжээний зэвсэгт мөргөлдөөн үүсгэх, НҮБ-ын ажилчид, хангалтын цуваа руу халдлага үйлдэх нь эрс нэмэгдэж хүний амь эрсдэх тохиолдол хүртэл гарсан.
Мөн тус хангалтын цувааг тээвэрлэгч орон нутгийн компаниуд урьд нь өөрсдөө харуул, хамгаалалтаа орон нутгийн иргэдийг хөлслөх замаар зохион байгуулж, дамжин өнгөрөх шалган нэвтрүүлэх цэг бүрд машин тус бүрт 50 хүртэлх доллар, зарим тохиолдолд түүнээс ч их хэмжээний мөнгийг татвар болгон өгч зорчдог байсан. Вау хотоос Абьемном аймаг хүртэл 20 шалган нэвтрүүлэх цэгээр дамждаг. Тэр бүгдэд 50 хүртэл доллар гэхээр маш их зардал гарах нь ойлгомжтой. Үүний хажуугаар үл ойлголцлоос үүдэн тээврийн жолооч нарын амь насанд заналхийлэх тохиолдол ихээр гарч аюулгүй зорчих боломж хязгаарлагдмал болсон учир энэ оны нэгдүгээр сараас тус хангалтын цувааны аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргийг НҮБ-ын цэргүүд хариуцаж эхэлсэн.
Баруун сектор, Вау хот нь Бангладеш Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хариуцлагын бүс. Гэтэл яагаад өөр хариуцлагын бүст үүрэг гүйцэтгэдэг манай улсын цэргийн багт хамгаалалтыг зохион байгуулах хүсэлтийг тавьсан юм бол?
-Тус хангалтын цувааг Бангладеш Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Абьемном сууринд авчрах ёстой байсан ч одоогоор тус улсын цэргийн багууд ээлж солилцож буй учир НҮБ-ын “UNMISS” ажиллагааны хүчний штабаас уг хангалтын цувааны аюулгүй байдлыг Монгол Улсын цэргийн багийг зохион байгуулах хүсэлт гаргасан. Юнити секторт Монгол, Гана Улсуудын цэргийн баг үүрэг гүйцэтгэдэг ч манайхыг сонгосон нь монгол цэргийн ур чадвар, үүрэг гүйцэтгэлтэд НҮБ тэр хэмжээгээр итгэж найддаг гэдгийг илтгэсэн үйл явдал болсон гэж бид ойлгож байгаа.
Өөрийн хариуцлагын бүсээс гарч үүрэг гүйцэтгэхэд тохиолдсон бэрхшээлтэй зүйл нь юу байв?
-Энэ удаагийн үүргийг гүйцэтгэхийн тулд бид бүхэн ирж очихын өөрсдийн хариуцлагын бүсийн 366, хариуцлагын бүсээс гадуур 566, нийт 1000 орчим км газар 82 удаагийн орон нутгийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрсөн. Энэ нь хангалт тээвэрлэж яваа цувааны хувьд маш их эрсдэл дунд асар хол замыг туулсан гэсэн үг. Өлсгөлөнд нэрвэгдсэн иргэд, дүрвэгсэд НҮБ-ийг “мөнгө, хоол хүнс” гэж хардаг учир хамгийн их анхаарал татах нь ойлгомжтой. Манай цэргийн алба хаагчид аль ч нөхцөлд өгөгдсөн үүргийг алдаа мадаггүй биелүүлэх чадвартай. Дээрээс нь хүний амь настай холбоотой асуудал учир бид бүхэн хол, ойрын гээд бүхий л төрлийн эргүүлийн үүрэг гүйцэтгэхийн өмнө төлөвлөлтийг маш сайн хийдэг. Тухайлбал, маршрутын урт, маршийн дундаж хугацаа, цувааны үндсэн баазтай холбоог зохион байгуулах, хүн хүч, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг хангах, харилцан ажиллах цэргийн хүчин, халдлагад өртөж, цагийн байдлын хүндрэлтэй нөхцөл үүсвэл газраар болон агаараар татан гаргах төлөвлөгөө, хоноглох бааз, хооллох газар гэх мэт энэ бүгдийг нарийн тооцдог. Тийм болохоор хүндрэл, бэрхшээлтэй зүйл байгаагүй. Гэхдээ амархан байсан гэсэн үг биш. Одоо БНӨСУ-д халууны улирал үргэлжилж буй учир өдөртөө 50, газрын хөрсөн дээр 60 болон түүнээс дээш хэмд халж байна. Ийм халуун цаг агаарын нөхцөлд бүрэн хамгаалах хэрэгсэл, зэвсэг галт хэрэглэлтэй 10 минут ч байхад бэрх шүү дээ. Гэтэл манай цэргийн алба хаагчид өдөрт 8-10 цагийг автомашин, хуягт тээвэрлэгч дотор тоосжилт ихтэй орчин нөхцөлд өнгөрүүлж үүрэг гүйцэтгэдэг.
Шалган нэвтрүүлэх цэгүүдээр гарахад цувааг саатуулах, хүндрэл учруулах тохиолдол хэр их гардаг вэ?
-Орон нутгийн шалган нэвтрүүлэх цэг нэрийн дор дамжин өнгөрөх цуваа бүрээс татвар авч маш их хэмжээний мөнгө залилдаг байсан санхүүгийн эх үүсвэр нь байхгүй болчихоор НҮБ-ын цэргүүдэд дуртай байхгүй нь ойлгомжтой. Хэдий тухайн орон нутгийг хариуцсан хүчний байгууллагын тамга, тэмдэгтэй зөвшөөрлийн бичгийг авч явдаг хэдий ч зарим тохиолдолд цувааг шалганаар нэвтрүүлэхгүй, жолооч нарын бичиг баримтыг заавал шалгана. Энэ нь НҮБ-ын цэргүүдэд хамааралгүй та нар яв гэх мэт хариулт өгч тайлбар сонсохгүй, ууртай ширүүн авир гаргаж шалган нэвтрүүлэх цэгээ хүчжүүлэх, буу зэвсгээ цэнэглэх, хоол хүнс, уух ус, мөнгө нэхэх гэх мэт тохиолдол гардаг.
Сомали Улсын иргэн, хангалтын цувааны тээврийн жолооч ФАУД АФДУЛ САЙФ:7-10 ХОНОГ ЗАРЦУУЛДАГ ЦУВАА 3 ХОНОГТ ЗОРЧДОГ БОЛСОН
-Өнгөрсөн жилийн 4 дүгээр сараас хойш НҮБ-ийн мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хангалтын цувааны тээврийн жолоочоор ажиллаж байна. НҮБ-ын цэргүүд тус цувааны аюулгүй байдлыг хангах болсонд тээврийн жолооч нар болон тэдний ар гэрийнхэн маш их баяртай байгаа. НҮБ-ын цэргүүд хамгаалалтыг зохион байгуулж эхлэхээс өмнөх бүхий л тээврүүд “хар дарсан зүүд шиг” байлаа. Шалган нэвтрүүлэх цэг бүр дээр мөнгө нэхнэ, өгөхгүй гэвэл бидний биед гар хүрэх, дээрэмдэх, заналхийлэх нь энгийн зүйл байв. Хэдий би тус хангалтын цувааны тээврийн жолоочоор ажиллаж эхлээд удаагүй ч гэсэн өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд олон найз нөхөд, хамтран зүтгэгчээ өөрийн нүдний өмнө буудуулж үхэхийг харсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны 12 дугаар сард манай хоёр жолоочоос мөнгө нэхсэн, тэдэнд өгөх мөнгө байхгүй гэтэл буудчихсан. Сүүлд бид тэднээс ядаж цогцсыг нь авч гэр бүлд нь өгье гэж гуйгаад өөрсдөө зодуулсан. Энэ “хар дарсан зүүд шиг аялал” дуусах үед би амьд байх болов уу гэж шөнө бүр зүүдэлж сэрдэг байлаа. НҮБ-ын цэргүүд хамгаалалтыг хариуцаж эхэлснээс хойш хангалтын цуваа руу халдлага үйлдэж хүний амь нас эрсдэх тохиолдол бараг байхгүй гэж хэлж болохуйц түвшинд хүртлээ багассан. Мөн бид урьд нь 7-10 хоног, зарим тохиолдолд түүнээс урт хугацааг зарцуулдаг байсан бол монгол энхийг сахиулагчдын ачаар гурав хоног дотор саадгүй зорчдог болсон.
Цэргийн багийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ