Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын хэд хэдэн энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ удирдлагын түвшинд ч ажиллаж байгаагийн нэг нь хурандаа Н.Нямжаргал. Тэрээр 2021 оны 9 дүгээр сараас эхлэн НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанд цэрэг, цагдаагийн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг хариуцсан багийг ахлан үүрэг гүйцэтгэж байна.
Хурандаа Н.Нямжаргал ажил үүргийн хүрээнд цэрэг илгээгч хэд хэдэн оронд сургалт удирдан зохион байгуулж Монгол офицерын үүрэг гүйцэтгэх чадавхыг НҮБ-даа төдийгүй олон улсад сурталчилж байгаагийн хувьд саяхан Итали Улсад шинэ сургалтаа амжилттай зохион байгуулсан байна. Шинэ сургалт гэсний учир нь түүний ахалдаг цэрэг, цагдаагийн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг хариуцсан багийнхан энхийг сахиулагчдын сэтгэлгээг өөрчлөх, үүрэг гүйцэтгэлтийн чадварыг нэмэгдүүлэх, тэдний аюулгүй байдлыг дээшлүүлэх хүрээнд сургалтын шинэ стандартыг 9 сарын хугацаанд боловсруулж, батлуулсан байна.
НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын даргаар батлагдахаас өмнө НҮБ-ын гишүүн орнуудтай зөвлөлдөж, ажлыг хэсэг байгуулж, шинэ стандартын төслийг туршиж үр дүнг нь илүү тодорхой болгожээ. Уг шинэ сургалтын онцлог нь анх удаа цэргийн болон цагдаагийн шийдвэр гаргах процессуудад нь тэсэрч дэлбэрэх бодисын халдлага, өртөлтийг тооцон эрсдэлийг үнэлэхээс гадна кибер халдлага, мэдээллийг санаатай болон санамсаргүй тарааж ажиллагаанд нөлөө үзүүлэх эрсдэлийг тооцох зэрэг олон шинэлэг зарчмыг тусгажээ. Мөн “Hate speech” буюу үзэн ядалтын өдөөн хатгасан илтгэл ярианы эрсдэлийг тусгаснаараа чухал байна.
Хурандаа Н.Нямжаргал тэргүүтэй НҮБ-ын албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт шинэ сургалтын тогтолцоогоор анхны сургагч багш нарын дамжааг Итали Улсын НАТО-гийн цагдаагийн сургалтын төвд амжилттай явуулсан ба үргэлжлүүлэн Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдах НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны ээлжит хуралд оролцохоор хүлгийн жолоо залжээ.