Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрхэм генералууд аа!
Эх орноо батлан хамгаалах, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт удирдан манлайлах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа эрхэм хүндэт генералууд аа.
Та бүхэнд “Монгол генералын өдөр”-ийн түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өнгөрсөн ХХ зууны дунд үед буюу 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын “Генерал” хэмээх эрхэм хүндтэй дээд цолыг манай улсад бий болгож, “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласнаар анх 11 хүнд олгосон түүхтэй.
Монгол төрийн алтан мөрдэст генералууд нь эртний Монгол жанждын үргэлжлэл, өнөө цагийн залгамж халаа юм.
Цэргийн дарга, жанжид нь эгэл түмнээсээ тодордог, тэдэнтэйгээ амин холбоотой байдаг, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг уламжлал нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн "нууц" байсаар ирсэн.
Түүнчлэн Монголчуудын цэргээ засах, удирдах, манлайлах, үлгэрлэх эрдэм ухаан дэлхийд танигдсан бөгөөд төрт улсынхаа ариун голомтыг сахин хамгаалагч цэрэг эрсээ, эрэлхэг эх орончдоо хүндлэн дээдэлдэг нь монголын төр, ард түмний бахархалт өв заншил, уламжлалын нэгээхэн хэсэг.
“Монгол генералын өдөр” нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө мятршгүй тэмцсэн гарамгай цэргийн жанжид, Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах хүчин чадавхыг нэмэгдүүлэхэд мэдлэг, туршлага, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан алтан мөрдөстнүүдээрээ бахархах, хүндлэн дээдлэх, тэдний дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, Монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд өндөр ач холбогдолтойг түүхт ойн энэ өдөр тодотгон хэлье.
Эрхэм генералууд Та бүхэн маань Монголын Ардын Арми, Зэвсэгт хүчин, Улсыг аюулаас хамгаалах, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад хүчин зүтгэж, эх орны энхийн манаа, улсын хилийн халдашгүй дархан байдал, улс орны хөгжлийн бүтээн байгуулалт, гамшиг, ослоос хүн ам, эд баялгийг авран хамгаалах, хууль сахиулах үйлсэд үеэс үед удирдан манлайлж ирсэн бахдам түүхийн эзэд билээ.
Монгол Улсын генерал хэмээх цэргийн дээд цолтнуудаас БНМАУ-ын төрийн тэргүүн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүд, төрийн сайд, сансрын нисгэгч, эрдэмтэд, энхийг сахиулагчид, цэргийн дипломат ажилтнууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, үе үеийн алдар, суутнууд төрөн гарсныг манай ард түмэн ямагт өндрөөр үнэлдгийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэе.
Ингээд Монгол генералын өдрийн 80 жилийн ойг тохиолдуулан дайчин эрсийнхээ бахархал, үлгэр дуурайлал болсон Монгол Улсынхаа нийт генералууддаа дахин баяр хүргэж, ажилд нь амжилт бүтээл, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол генералуудын нэр төр, алдар суу, амжилт бүтээл бүхэн дэлгэрч явах болтугай.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА