Монгол Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар цас зудын гамшиг, ослын хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний 014, 186, 256, 327, 336, 338, 342 дугаар ангийн 120 гаруй цэргийн алба хаагч 12 нэгж техниктэйгээр зургаан аймгийн 17 суманд 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа билээ.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан Хэнтий аймгийн Чингис хот, Галшар суманд, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумдад, Зэвсэгт хүчний 256, 342 дугаар ангийнхан Архангай аймгийн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Булган сумдад, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан Дорнод аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Түвшинширээ, Баяндэлгэр, Асгат сумдад, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Өргөн, Эрдэнэ сумдад, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийнхан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд тус тус томилогдож, аймаг орон нутагт үүссэн гамшгийн хор хохирлыг арилгахаар 8 дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд зургаан аймгийн 17 сумын малчны хотонд болоод хээр талд "хуримтлагдсан" 13630 тооны мал сэг, зэмийг цуглуулж ачаалах, устгалын цэгт хүргэх ажлыг гүйцэтгээд байна.
Манай цэргийн алба хаагчдын нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэж буй ажилд дээрх зургаан аймгийн удирдлагуудаас талархаж буйгаа илэрхийлсэн захидлыг ЗХЖШ-ын даргад энэ цаг үед ирүүлсэн байв. Талархлын захидалд “Цас зуд боллоо, цэргийнхэн л бидэнд тусалдаг, гамшгийн нөхцөл үүсэж, хор хохирол учирлаа, бас л цэргийнхэн хүрээд ирдэг. Үер бууж, айл өрхүүд урслаа, цэргийнхэн гүйгээд ирнэ, зам даваа хаагдаж, тээвэрчдэд хүндрэл учирлаа өнөөх л цэргийнхэн бас "ЗИЛ-131"-ээ унаад ирнэ. Аймаг орон нутагт хэн бүтээн байгуулж, дэмжлэг үзүүлж байна цэргийнхэн л байдаг” гэж онцлоод энэхүү амаргүй ажлыг нугалж байгаа Зэвсэгт хүчний алба хаагчдад мянга мянган малчин түмнийхээ өмнөөс талархаж байна гэжээ.