Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын цахим хурал Улаанбаатарын цагаар энэ сарын 30-ны өдөр 11:00-13:00 цагт (04 дүгээр сарын 29-ны өдөр 17:00-19:00 Хавайн цагаар) зохион байгуулагдлаа. Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын командлагч адмирал Жон Аквалиногийн санаачилгаар зохион байгуулагдсан уг хуралд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн 28 орны ЗХЖШ-ын дарга нар оролцлоо.
Энэхүү хурлаар Фижи Улсад 2023 оны 08 дугаар сард явагдсан Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын ЗХЖШ-ын дарга нарын ээлжит бага хурлын үеэр хэлэлцсэн ажил, арга хэмжээг тодотгож, 2024 оны 09 дүгээр сард зохион байгуулах дараагийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар санал солилцлоо.
Ташрамд дурдахад, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын командлагчаар тус командлалын Тэнгисийн цэргийн хүчний командлагч адмирал Самуэл Паперо томилогдсон бөгөөд удахгүй үүрэгт ажилдаа орох юм. Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалд АНУ-ын Зэвсэгт хүчний 380 гаруй мянган цэргийн алба хаагч харьяалагддаг бөгөөд бүс нутгийн 40 шахам орнуудтай хамтын ажиллагаатай тус улсын хамгийн том цэргийн командлал юм.
ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС