“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 4 дүгээр зүйлийн 4.6.9 дэх заалтад “Цэргийн хугацаат болон гэрээт алба хаагчдын алба хаах хугацаанд амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулна.” гэж, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 6 дугаар зүйлийн 6.48 дахь хэсэгт “Цэргийн хотхоны стандартыг шинэчилж, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагад шаардлагатай тохижилт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж амьдрах орчныг сайжруулах” гэж заасныг тус тус үндэслэн Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр офицер, ахлагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, хугацаат цэргийн алба хаагчдын албаа тав тухтай хаах орчныг бүрдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн байрны барилга засварын ажлыг өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байна.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд их болон урсгал засвар огт хийгдэж байгаагүй Зэвсэгт хүчний 16 ангийн 29 цэргийн байрны барилгын дээвэр, гадна фасадны шинэчлэлийн ажлыг Зэвсэгт хүчний урсгал засварын хөрөнгөөр 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Засварын ажлыг дэлгэр зуны улиралд хийж дуусгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын алба хаагчид ханцуй шамлан гүйцэтгэж байна.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс энэ онд хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн томоохон ажил төлөвлөсний нэг нь энэхүү засвар, шинэчлэлийн ажил бөгөөд цаашид хэрэгжих ажил, арга хэмжээний талаар та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэх болно.