Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч У.Хүрэлсүхийн санаачилагаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан тус ангийн “Ахлагчийн зөвлөл” алба хаагч нарын дунд хүүхдэд хэрэгтэй хичээлийн хэрэглэл, хувцас, тоглоом, ном, сурах бичиг, цуглуулан 06 дугаар сарын 25-ны өдөр“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхэд багачуудад сайн үйлсийн аян өрнүүллээ. “Өнөр бүл хүүхдийн төв” нь Монгол Улсын Хүүхдийн төлөө Фондын даргын шийдвэрээр 1972 оны 12 дугаар сарын 27-нд “Асрамжийн 58 дугаар тусгай цэцэрлэг” нэртэйгээр байгуулагджээ.
Анх 27 хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан уг төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/130 дугаар тушаалаар төвийн дүрэм, бүтэц орон тооны өөрчлөлт хийгдэж, “Өнөр бүл хүүхдийн төв” нэртэй болж өөрчлөгдсөн бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, асрамж, халамж, хөгжил хамгаалал зэрэг гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээг үзүүлж байна.
Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлалын харьяа 084 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Т.Сандагдоржоор ахлуулсан “Ахлагчийн зөвлөл”-ийн гишүүд “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн асрамжийн зуны зусланд очиж, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Тусгай хүчний цэргийн үйл ажиллагааг сурталчилж, зэвсэг, шүхрийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн юм.
Мөн “Байгальд амьд арга ухаан” төслийн хүрээнд заагддаг сургалтыг хүүхэд багачуудад зохион байгуулж, хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом тоглуулан өрсөлдүүлж, шилдэг багт нь өргөмжлөл, дурсгалын зүйл хадгалуулсан юм. Хөтөлбөрийн төгсгөлд ангийн офицер, ахлагч нараас хандиваар цуглуулсан хүүхдийн хувцас, тоглоом, хичээлийн хэрэглэл, ном зэргийг “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн асрамж, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цагаанжанарт гардуулан өгсөн юм.