Европ тивийн ноён оргил Эльбрус уулын Олон улсын цэргийн авиралт 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхэлж амжилттай зохион байгуулагдлаа. Гэвч авиралт эхэлснээс хойш цаг уурын нөхцөл улам хүндрэн хүйтний эрч чангарч, салхины хурд 45 км/цаг хүрч шуурч эхэлсэн тул энэхүү уулын авиралтад оролцохоор ирсэн 14 улсын баг тамирчдаас Монгол, ОХУ, БНХАУ-ын тамирчид багийн бүрэлдэхүүнээрээ, харин Энэтхэг, Армень, Экватор, Иордан зэрэг дөрвөн улсын багаас төлөөлөл болох тамирчид мөнх цаст ноён оргилд гарч чадсан юм.
Харин бусад /7 улс/-ын баг тамирчид Европ тивийн ноён оргилд гарах авиралтаа байгалийн бэрхшээлээс болж үргэлжлүүлэн гүйцэтгэж чадаагүй байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпийн наадмын нээлтийн өмнө Олон улсын Цэргийн спортын зөвлөлөөс зохион байгуулсан “Уулчин дайчид”-ын дундах харилцан туршлага солилцох, ур чадвараа дээшлүүлэх, эр зориг, багийн гар нийлэмжтэй ажиллагаа шаардсан хүнд хэцүү авиралтыг цаг уурын огцом хүндрүүлсэн нөхцөлд чадварлаг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Жавхланбаяр, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги ахмад Б.Чинзориг, ахлагч О.Ган-Эрдэнэ нартаа баяр хүргэе.